“Хөгжим бүжгийн консерватор”-ийн гурван эрэгтэй сурагч 12 настай хүүг бүлэглэн хүчирхийлжээ

Нийгэмд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл улам л зэрлэгшиж байгаа нь олон түмний нүд, чихнээ ил.

Одоогоос гурван жилийн өмнө Хөгжим бүжгийн консерваторийн дотуур байранд амьдардаг 13, 15, 16 насны гурван эрэгтэй сурагч тус байранд хамт амьдардаг байсан доод ангийнхаа 12 настай хүүг бүлэглэн хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч байв.

Энэхүү хэрэг гарсныг хохирогч хүүгийн гэрийнхэн анх цагдаагийн байгууллагад мэдээлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогч хүү илт мэдэгдэхүйц алхаж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд байсан аж. Уг зүй бус хэргийг тухайн үедээ Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлсэн байна. Хэргийн шийдвэрлэлтийг бид үүсч болох нөхцөл байдлыг урьдчилан тооцоолсноор дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй болно.

Өдгөө хохирогч хүү хичээлд явах боломжгүй болж, эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны гурван хүү шоронгийн ялтан болсон мэдээлэл сэтгэл эмзэглүүлж буй юм.

Хэрэг гарсан үед хичээл орж байсан цаг хугацаа буюу 2019 оны тавдугаар сар байсан гэх. Тэр үед тухайн Хөгжим бүжгийн консерваторийн багш, удирдлагууд дотуур байрны сурагч хүүхдүүдийг зохих журмын дагуу харж хандаагүйгээс энэхүү хэрэг үүссэн. Багш нарын хайхрамжгүй үйлдэл, ажлаа дутуу хийснээс үүдэн дөрвөн хүү ирээдүйгүй болсон нь юугаар ч орлуулшгүй хар толбо.

Хэргийн талаар нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг Хөгжим бүжгийн консерваторийн удирдлагууд устгуулж, хэргийг тас нуугаад үлдэж чаджээ. Бид энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс уншигч танд хүргэлээ.


 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.