ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ НЭРТЭЙ ЛУЙВАР ЭХЛҮҮЛЛЭЭ
"Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт 2021" зөвлөлдөх уулзалтын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийг хөдөлмөрт шилжүүлэх төрийн бодлогын талаар товч танилцуулсан юм. Халамжийн нэг хэлбэр болох төрөөс олгодог хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар Ерөнхий сайд танилцуулсан. Тэрбээр "Цалинтай ээж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн бодлого цар тахлын үед үнэхээр хэрэгтэй байсан. Хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн бодлого гэж харж болохгүй. Энэ бол ирээдүйн маш том хөрөнгө оруулалт. Бид 1.4 их наяд төгрөгийг бэлнээр өгөөд яваад байх уу. Гэтэл үүнээс болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдэл өгч байна гэдэг шүүмжлэл гарч байгаа” гэв. Мөн тэрээр, “Бид хүүхдийн мөнгийг одоо байгаа хэмжээгээр нь хуримтлуулах, өөрөөр хэлбэл хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох шаардлагатай байна. Хүүхэд мөнгөө хуримтлалаар авна” гэсэн үг юм хэмээлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нэг сая гаруй 0-18 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг гэх судалгаа бий. Тэдний 50 иас дээш хувь нь хүүхдийн мөнгөөрөө өдрийн хоолоо залгуулдаг. Өөрөөр хэлбэл олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны төвшин доогуур өрх айлууд сар бүрд авдаг хүүхдийн халамжийн мөнгөөр амьдардаг. Одоо ч цар тахлын үе үргэлжилсээр байгаа цаг мөч мөн. Цар тахал хумигдаж, Засгаас ажлын байр бий болгож, сайхан цаг наашлаагүй. Хүүхдээ хараад гэртээ суугаа ээжийн толгойд сарын 100 мянган төгрөг өгөхгүй болчихвол яах вэ гэсэн бодол эргэлдэж эхэлсэн нь гарцаагүй. Олон бага насны хүүхдээ гэртээ хараад суугаа өрх толгойлсон ээж хүүхдүүдээ гэрт нь цоожлоод ажил хийх үү. Тэгэх боломжгүй. Яагаад гэвэл, цар тахлын үед зарим бизнес хумигдаж, ажилгүй 250 мянга орчим иргэнтэй болсон. Гараад ажлын байр олох боломж бага болсон гэсэн үг. Нөгөөтээгүүр, Хүүхэд харах хүнгүй тохиолдолд хүүхдүүдээ эрсдэл дунд гэрт нь орхиод гарах ээж байхгүй л болов уу. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ хамтдаа Ерөнхий сайдын гоё амлалтыг хүлээгээд өлсгөлөн ходоодтой, хадгаламжийн дэвтрийнхээ тоог хараад суух нь тодорхой боллоо. Ерөнхий сайдын эхний томоохон ажил нь хүүхдийн ирээдүйд хадгална гэх нэрийдлээр сар бүрийн мөнгөө өгөхгүй том тоо харуулаад хулхитах гэж байгаад олон иргэд халаглан сууна.