25 April 2020
10 mins read
159k Views
Г аалийн байгууллага улсын төсвийг тасалдуулж байсан удаагүй ба Б.Асралт даргын үед хөрөнгө их хийгдэж олон лабораторийн барилга шинээр барьж, боомтуудыг шинэчилж, ГЕГ оффисын том барилгатай болсон нь ч нөгөөх гаалийнхан өөртөө болоод баг хамт олондоо оруулж байгаа хэмжээ хязгааргүй хөрөнгө оруулалтыг нь ойрхоноос хардаг, мэдэх боломж илүү байдаг болохоор давхар утгатай нэр төдийгүй төр, засагтаа хүргэж байгаа хов гэлтэй. Гаалийн дарга нараас хамгийн их гардуулж азаартсан ч гарч ирээд ХАА-н ноолуурын биржийг толгойлж зангарагаа харуулсан чөмөгтэй эр бол Х. Баатар. Гаалийн үе үеийн дарга нар дотроос ам сайтай яригддаг, ажил албандаа үгүйлэгддэг дарга бол эдүгээ УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын Сахилга хариуцлага, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав, Сангийн яамны Мониторингийн газрын дарга асан О. Ганбат нар ч гаалийн байгууллагаас нэр бүтэн явсан, гаалийн байгууллагыг мэргэжлийн өндөр түвшинд удирдсан, эх оронч дарга эгэл жирийн гаальчдад хэзээ мөнхөд үгүйлэгдсээр ирсэн байдаг. Одоо бол ус агаар мэт амин чухал болсон байна. Хэдий сайн дарга томилогдовч мөнөөх төрийн түшээд нь нэг их түвэг удалгүй эрхэм сайн даргыг эгнээндээ элсүүлэн КРАНДАХ АЖЛАА ГАРДАН ГҮЙЦЭЛДҮҮЛЭГЧ БОЛГОСОН БАЙХ НЬ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ. Ийм болохоор дарга нар тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй ээлжээ хүлээлгэн өгч өлзийтэй салахыг эрхэмлэдэг хэрэг. Энэ бүгдийг нуршихын учир энгийн.Эдүгээ ГЕГ-ын даргаар долоо дахь жилдээ хамгийн тогтвортой,асуудал дагуулахгүй ажиллаж чадаж байгаа гайхамшгийг бүтээгч, топ менежер Б.Асралтын тухай өгүүлэхээс аргагүй болж байна. Залуу хүн шүү дээ. Замыг нь нэгмөсөн алдуулчихвий гэх эмзэглэл ч төрж байна. ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УРУУДАЖ БУРУУТДАГ НЬ ЖАМ ЁСНЫ ҮЗЭГДЭЛ Мэргэжил болгонд ур чадвар агуулагддаг ч гаалийн байгууллага болон гаальчдийн тухайд онцгой сэдэв. Эх оронч байх, эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх, дур сонирхолтой ажлаа хийх, дурлаж хийх, урам зоригтой ажиллах хүсэл эрмэлзлэлээр жигүүрлэдэг, нарийн мэргэшсэн, нандин мэдрэмжтэй, авьяас шаардсан ЭРХЭМ ЧУХАЛ АЛБА БОЛ ГААЛЬЧИН ЮМ. Гэтэл энэ чухал албыг хамгийн эхлээд,мөн түүнчлэн одоо хэр нь хүчгүй болгох алхамыг төрийн өндөр албыг тухай тухайн үедээ гүйцэтгэж ирсэн төрийн хар хайрцагны бодлогыг мэддэггүй, ер нь эс хэрэгжүүлэхийг хүссэн хүмүүсийн атгаг сонирхол дандаа гүйцэлдүүлж,уруудуулж, буруудуулж ирсэн байдаг. ГААЛИЙГ ЭХЛЭЭД ХУУЛИЙН ДАГУУ ХЭРЭГ БҮРТГЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛГОВ. ИНГЭСНЭЭР ГААЛЬЧИД УР ЧАДВАРАА АШИГЛАХ ШААРДЛАГАГҮЙ, ЭХ ОРНЫХОО ӨМНӨ ӨРГӨСӨН ТАНГАРАГАА САХИХ,ТҮҮНИЙГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХАМГААЛАЛТГҮЙ БОЛОВ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТӨР БУЗРЫГ ОРУУЛДАГГҮЙ БУЯНЫГ ГАРГАДАГГҮЙ БАЙГУУЛЛАГЫГ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГЭЭС НЬ 90 ХУВЬ ЧӨЛӨӨЛӨВ. ТӨРД ИНГЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙВ. ЭНЭ ЭРҮҮЛ ТӨРИЙН ХИЙХ АЖИЛ МӨН БАЙСАН УУ. За ингээд үүнээс хойш түүнээс цааш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЕГ-ыг гардан удирдаж ирсэн САНГИЙН ЯАМ гэдэг том толгойтой байгууллагын САЙД нар өөр өөрсдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж улс эх орноосоо урвасан гэж болох үйлдэл хийж ирсэн байдаг. 2012 оны үес болов уу. Манай зангарагтай улстөрчдийн нэг болох Ч. Улаан хилээр хууль бусаар алт гаргах үйлдлийг илрүүлсэн гаальчдад олгодог урамшууллын арван хувийг олгохоо больсон явдал гаальчдын тухайд хоёр дахь том цохилт байв. Хэн амь насаараа дэнчин тавьж, хуулиар олгогдохоо байсан ажлыг хийх гээд зогсож байх билээ. Мөнхийн ашиг сонирхол дундуур үнэнчийн гүүр болж байсан арван хувийн урамшууллыг олгохоо больсоноор Монголбанкинд тушаах ёстой алт хууль бусаар хилээр гарч, далд эдийн засагт боломж олгон эх орончдод салаавч өгсөн. Ийм Сангийн сайд байсан цаг дурсамж болон үлдсэн ч хөнөөл нь улам бүр хүрээгээ тэлсээр … Б.Чойжилсүрэн Сангийн сайд болов. Тэр гаалийнхантай уулзаад нэг л үг хэлэв. “Итгэмжит зөвлөхийн 15 хувийн нэмэгдэл хэрэггүй. Та нар өөрсдөө болно биз дээ”. Өөрөөр хэлбэл, он удаан жил ажилласан туршлага,хуримтлуулсан баялаг мэдлэг чинь төрд хэрэггүй. Үүнийгээ өөрсдөө олборлож олж ав гэсэн үг. Ямар ч урамшуулал,ажилласан жилийн нэмэгдэл, байр орон сууцаар хангагдах боломж одоо гаальчдад байхгүй. Төрөөс хууль бусаар өгсөн гурав дахь цохилт энэ. Хорлонтой байгаа биз. Төрд ажилласны хохь. Авлига ав.авч чадахгүй бол зайл… Мэргэшсэн гаальчин, мэргэжилдээ үнэнч түүгээрээ амьдардаг хүмүүст өгч байгаа дарамт шахалт. Гаалийн төлөвлөгөө дандаа биелдэг. Гэсэн ч ийм нөхдийн шаардлага байхгүй. Энд авлига авч амьдрах ёстой. “Бузрыг оруулж Буяныг гаргаж амьдар” гэсэн далд сануулга. Ингэсний дараа жудаг сахиад явсан, яахаа мэдэхгүй байгаа жинхэнэ гаальчдын халааг хэн түрэмгийлэн эзэлж авдаг гээч. Дөрвөн жилийн өмнө гаалийн 50 байцаагч хуурамч дипломтой болох нь тогтоогдож ажлаасаа халагдацгаасан байдаг. Энэ нь ГЕГ-ын даргын 2017 оны 05 сарын 10-ны өдрийн А-106 тоот тушаалын дагуу ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-ыг 2017 оны 05 сарын 01-нээс мөн оны 08 сарын 03-ны хугацаанд зохион байгуулан Удирдлагын академи дээр гэнэт зохион байгуулж элсүүлсэн 80 хүнийг гаальчин болгох хөтөлбөрт сургалт байж таарах гээд байгаа юм. Тэдний 30 нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон санагдана. Энэ дунд урьд өмнө ГУБ-аар огт ажиллаж байгаагүй, Завхан аймагт цагдаад ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн ах Н.Молотовын хүүг шоронгоос гарган Замын-Үүдийн гаальд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр Гаалийн улсын ахлах байцаагчаар тавьсан байдаг. Чоно борооноор гэдэг л чухам энэ биз. Цар тахлын үеэр манай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд рүү тагнуул, Авлигатай тэмцэх газрынхныг дагуулан мафийнхныг ичээнд нь барьж байгаа аятай сүрийг үзүүлсэн. Үр дүн нь нийгэмд анзаарагдаагүй. Тухайн үед Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Д.Зоригоог дуулиантай баривчилж зөвхөн тэр жараахайн оффшор дансанд 36 тэрбум төгрөгтэй байгаа тухай сенсаац дэгдээсэн. Уг ажиллагааны үеэр Замын-Үүдийн гаальд ажиллаж байсан ГУБ нарыг шилжүүлэн татсан бөгөөд тэд бүгд Улаанбаатар хотын гааль, Шуудангийн гааль, ГЕГ-т ажилд орцгоосон байдаг юм. Мөн ГЕГ-т ажиллаж байсан Лхагвасүрэн, Базарваань, Бадрах нарыг Замын-Үүд рүү шагналын журмаар явуулсан гэх. Эдүгээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатарын нэг ангийн найз Д.Зоригоо одоо ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын даргаар дэвшин ажиллаж байна. Тодотгож хэлэхэд, ГЕГ-ын дарга Б.Асралт багийн нөхдөө хэрэг түвэгт орооцолдсон ч буцааж аваад ахиад буруу гарын ажил хийх адын шуналыг нь дэвэргэж, айдас хүйдсийг нь үргээж, ар тал чинь баттай гэдгийг ахин дахин нотолж өгдөг талаараа гайхагддаг нэгэн. Ийм том “хөрөнгө оруулалтын жишээ” захаар нэг бий. Дахин жишээ татая, Жилийн өмнө их хэмжээний нүүрс хулгайгаар гарсан хэргийг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын ажлын хэсэг хоёр сая тонн нүүрс хууль бусаар гаргасан болохыг шалгаж тогтоосон байдаг. Мөн цаг хугацаанд Гашуун сухайт дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Б.Мөнх-Амар, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр нар дээрх хулгайн нүүрсийг бүрдүүлэлтгүй гаргасан нь тогтоогдож бүгдийг ажлаас түтгэлзүүлсэн ч ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраар хэргээ даалгуулаад бусад нь ажлаа хийцгээж байна. Тэр үед ажлаа өгөөд Шуудангийн гаалийн газрын даргаар ирсэн байсан Б.Даваасүрэн одоо ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байна. Гашуун сухайтын гаалийн газрын даргын орлогч байсан Б.Мөнх-Амар Шуудангийн гаальд Гаалийн хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байна. Энэ хэргийг гардан зохион байгуулж Б.Асралттай шууд харилцаж байсан П.Баттөр бас тушаал дэвшсэн. Хулгай хийгээд байхад нь, улсаа тоноод байхад нь, өргөсөн тангарагаасаа няцаж эх орноо арилжаад байхад нь толгойг нь илээд, тушаал дэвшүүлээд, бөөцийлж тордоод байдаг Б.Асралтыг төрийн албан хаагч гэх үү, төрд тэрсэлсэн ялтан гэх үү. Ийм увайгүй дээрэмчдийн толгойг илж суудаг агуу төртэй ард түмэн бид яаж аз жаргалтай амьдрах билээ. Мэргэшсэн,ажил мэргэжилдээ үнэнч, эх орондоо хайртай хүмүүсийг ямар ч ажиллах боломжгүй болгож байгаад төрийн өндөр сэнтийд заларч аваад цадаж ханахгүй иддэг зарим хүмүүсийн захын жишээ ийм. ХИЛ, ГААЛЬ, ТАГНУУЛ, АВТОТЭЭВЭР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН АМЫГ НЬ ҮДЭЖ, НҮДИЙГ НЬ СКОЧДОЖ БАЙГААД 252 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ЗУВЧУУЛСАН ГУРВАЛ Гаальд Б. Асралт, П.Баттөр, Б.Даваасүрэн гэдэг гурвал хүчээ авч байгаа тухай амтай болгон ярих болж. Муу, муухай бүхэн нь дэвэрсэн энэ цаг үед бараг л яаж тэр гурав шиг болох вэ гэж зүүдлэх нь халаг байх шиг. Мөн зүдсэн хэрэг шүү. Гааль энэ гурвын хувийн өмч шиг, гаальчид энэ бүлэглэлийн зарц шиг, Монгол Улсын төр хүчгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл шиг харагдах нь монгол төрийн эмгэнэл юм. Хоёр сая тонн нүүрс гэдэг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газар шалгасан л тоо баримт. Энэ тоо үнэн гэхэд эргэлзээтэй. Хоёр сая тонн нүүрс багаар бодоход 20,000 машин болно. Нэг машиныг дундажаар 100 тн нүүрс ачсан гэхэд 2,000,000 тн нүүрс байх гээд байна. Нэг тонн нүүрс хамгийн багадаа 36 ам доллар гэвэл дээрх нүүрс 252 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсынхаа бололцоотой албан тушаал дээр суусан болгон идэж, мэрж, хумсалсаар бүр бүхэл бүтэн мөргөцөг гаргасан тохиолдол ч бий. Ингэж бодохоор нуруу руу хүйт дааж нугасанд хутга шаах мэт бодогдоно. Ардчилал гэж алдуурсан унага шиг чавхдаж өнгөрөөсөн 30 жил биднийг ийн доройтуулжээ. Яг л үр могойн үлгэр. Түүний нэг жигүүрийг ГЕГ-ын энэ цагийн удирдлага манлайлж байгаа нь энэ. 1000 төгрөгийн ломбыг 7500 төгрөгөөр зараад бондойчихдог байсан нөхөд нүүрс хулгайлж томрохгүй бол нүдний булай болох гээд байсан юм болов уу. Томрох хэцүү. Том болсоноо илэрхийлэх бүр хэцүү. Тэр зовлонг нь Засгийн газар минь даахгүй өеөдөх дээрээ тулжээ. Хонь бүрэн, чоно цатгалан гарах боломж одоо нэгэнт үгүй болсон. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Засаг тогтвортой ажиллаж, нам нь цэвэршье гэж байгаа бол Та нарт одоо нэн яаралтай цэвэрлэгээ хийхээс өөр боломж байхгүй. Яг адилхан байх уу,ялгаатай харагдах уу гэдэг эндээс эхлэнэ. Урсгал ус цэвэршихэд 14-20 хоног ордог гэсэн улс цэвэршихэд хэдий хугацаа ордог юм бол харах л үлдлээ. Зүгээр ч бас хараад суухгүй ээ. ШУДАРГА ЁСНЫ ШУУДУУ Ч ҮЛДЭЭГҮЙ ГААЛЬД ШУНАЛЫН ДЭВҮҮДИЙН ТОГТООСОН ХАНШ Л ТОДОРХОЙ Замын-Үүд дээр нэгэн ачаатай машинд шалгалт хийсэн, хийгээгүй асуудал дэгджээ. Энэ асуудал гаалийн хурлаар орж шалгасан гэх байцаагчийг нь ажлаас халжээ. Гаальд байдаг л нэг асуудал. Харин байдаггүй асуудал нь ажил давхар хариуцаж байсан Ахлах байцаагчийг халалгүй аваад үлджээ. Эндүү юм болов уу гэсэн үгүй байжээ. Хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн энхийн цагаан тагтаа, ахлах байцаагч Д.Батжаргал нь ГЕГ-ын Тамгын Газрын дарга Д.Бат-Эрдэнийн төрсөн ах учраас хууль үйлчлээгүй байж. Ахлах байцаагч Д.Батжаргалын эхнэр Улаанбаатар хотын гаальд бас байцаагчаар ажилладаг юм байна. Ах дүүсэг байдал ажлын байранд ихэдвэл яадгийг хэн хүнгүй мэдэх хойно. Гэхдээ ингэтлээ цус ойртох ямар ч байсан сайнгүй нь тодорхой. Адаглаад гаргаж байгаа шийдвэрүүд нь эргэлзээ дагуулж үнэн мөлхөж эхлэнэ. Гашуун сухайтын гаальд Батцоож гэх ГУБ ажиллахаар очиж. Дээрх хоёр сая тонн нүүрсний хулгай явж байх үеэр бололтой. Оны ялгаа шиг асуудал дэгдэж үнэнтэй шадарласан залуу мэс хэрэглэчихэж. Үүнийхээ улмаас ажлаасаа халагдаж. Гэсэн ч гурван шатны шүүхээр явсаар буруугүйгээ тогтоолгож арай гэж ажилдаа орох гэсэн авдаггүй ээ. Тэр залуу гаальчин ажил мэргэжилдээ үнэнч хандаж хууль бустай эвлэршгүй тэмцэж эр хүний арга хэмжээ авсаныхаа төлөө Асралт түүний багийн нөхдийн хорхойтой араанд зуугдсан нь энэ. Иймэрхүү жишээ зөндөө. Эрхэм төрийн түшээд Б.Асралтыг ойр дотнынхоо ганц нэг хүнийг авчих гэж зовоодог шиг байгаа юм. Мань хүн тэр болгон цааргалдаггүй бололтой билээ. Харин тэгэж орсон нөхөд асуудалд орооцолдвол Б.Асралтын хайр халамжийг ахиж хүсэлтгүй нь сайхан гэсэн. Гаальд юм бүхэн өөрийн гэсэн тогтсон ханштай. Хуулиар олгогдоогүй эрх,үүргийн харилцаа. Гэхдээ яг хууль шиг үйлчилнэ. Замын-Үүдэд очиж ажиллах сонирхолтой байцаагч хамгийн багадаа 15 сая төгрөг төлнө. Хэрвээ ахлах байцаагч болж чиглүүлье гэвэл 20-25 сая төгрөг төлнө. Харин Улаанбаатар хотын гаальд ажиллах бол 15-20 сая төгрөг төлнө. Энэ ханш тогтвортой үйлчилж байна.Наанаа ариун шударгыг яривч цаанаа бүх зүйлийг бузарлана. Үүнийг зохицуулж байдаг итгэлт хүн нь П.Баттөр. Нөгөө гурвалын орлогын нэг үндэс. Гаальд үнэгүй юм гэж нэг ч байхгүй. Яагаад гэвэл одоогийн удирдлага түүний нөхөд бузрыг оруулж буяныг гаргаж байгаа учраас тэр. Авлигаар орсон болгон тэдний өрөөсөн дугуй. Ядаж өгсөн мөнгөө олж авдаг юм байгаа биз дээ. Гаальд мэргэшсэн боловсон хүчний сэлгэлт хийхдээ сонгон шалгаруулалт зарлаж бас ч гэж шударга байхыг эрмэлздэг байв. Энэ байдал үеэ өнгөрөөж Улс төрийн боловсролын академи дээр ганц өдрийн дотор ямар ч заргүйгээр наян гаальчин шинээр ажилд авсан явдал хангалттай баталгаа болно. Энэ намар 30 гаальчин шууд Замын-Үүд рүү томилолт өвөртлөв. Дунджаар бодоход 600 сая төгрөг. Б.Асралт хүчээ авч байна. Түүний өөдөөс цор гэх ч хүнгүй болж. Ганц нэг гандан буурдаггүй, шударга нэгнийг гэрийн хорионд, ажлын дарамтад оруулж аваад тэтгэвэрт гарахаар нь айлгаж суудаг болж. Ингэтлээ дархлагдсан хүнтэй манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцож чадах болов уу??? АЛБАН ТУШААЛААРАА АШИГ ОЛЖ, АЖЛЫН БАЙРААРАА МӨНГӨ ХИЙЖ, УЛСАА УЛ БОЛГОДОГ ДАРГА НАР Дорнодын гаалийн газрын дарга асан Б.Винтов “Зээр дөрөө” ХХК гэдэг хувийн компанитай аж. Энэ компаниараа газрын тосны бүрдүүлэлт хийнэ. Мэдүүлэг бичнэ. Ашиг сонирхолын асар том зөрчилтэй ажиллаж ирсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, тус боомтоор хэдэн тн газрын тос гарсныг Монгол Улсын гааль бус Б.Винтов дарга мэдэж байсан хэрэг. Ингэж хардах үндэслэл өөрийнх нь ашиг сонирхолын зөрчил. Бас яг иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хүний нэг нь одоо Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Гэрэлт-Од болон Баянхошуу боомтын салбарын эрхлэгч Эрдэнэтөгс нар. Энэ хоёр даргын тус бүр нэг нэг “Ланд 200” маркийн машин газрын тосны “Петро Чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанид сар бүр, тус бүр 3000 ам. долларын түрээсээр ажиллаж байна. Ийм нөхцөлд хэний эрх ашиг урдчилан хангагдах вэ. Ер нь ажил үүргийнхээ хуваарийн дагуу хяналт тавих ёстой дарга нар энэ мэт байдлаар дөрлөгдөж, дөнгөлөгддөг байхыг үгүйсгэх аргагүй болсон байна. Энэ байдлыг Б.Асралт дарга мэдэхгүй гэхэд хэнбугай ч итгэхгүй. Ашиг орлогоос нь хуваалцдаг байхыг харин үгүйсгэхгүй. Гааль ийм л буруу дэвэлттэй байна. Алтаа баахан тавьж туусан. Галын дөл өөдөө гэдэг. Нүүрсний асуудал зөв дэгдэж дэгээнд загас жараахай биш тулууд нь баригдаж, барьж улс эх орон минь нэг НҮД ОРДОГ БАЙГАА. НҮДГҮЙ БОЛГОСОН НҮГЭЛТЭНГҮҮДИЙН НЭГЭЭХЭН ХЭСЭГ НЬ ГААЛИЙГ ТОЙРООД ДЭНГИЙН ЭРВЭЭХЭЙ ШИГ ЭРГЭЛДЭН БАЙНА. Аа тийм, нэгэн зүйлийг мартчихаж. Эрхэм журмын нөхөр Б.Асралт Танаа: Миний сонгуулийн сурталчилгаанд амжилттай ажилласан Учралзаяаг ажилд авна уу. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн зурвас бичиж дээрх 80 шинэ гаальчдийн эгнээг бүрдүүлэлцсэн журмын нөхөд хангалттай олон байгааг сануулах юун. Аа бас тийм. Нууцын зэрэглэлд авахуулж байгаад 60 тэрбум төгрөгөөр тендергүй бариулсан ГЕГ-ын гоё барилгыг нууцлах ямар шаардлагатай байсаныг нотолж өгвөл сайн байна. Ажиллах барилга сайхан ч амьдрах боломж нь хүндэрч гаальд ажилласныхаа төлөөсөнд гадуурхагдаж суугаа төрийн мэргэшсэн ажилтнуудаа алаг үздэгээ больчихвол төрд минь л ач тустай юмсан. Аа бас тийм. УИХ-ын гишүүн Б.Бейсен саяхан Төрийн ордонд,их хурлын танхимд Ярантын боомтоор 400 000 тн нүүрс буюу 62 сая ам. долларын нүүрс хууль бусаар гарсан байх магадлал өндөр байна гэсэн мэдэгдэл хийсэн. Б.Асралт даргаар л битгий шалгуулаарай. Бүгдээрээ хамжиж байгаад шүүрэн шанага болгосон эх орноо бүтэн болгож авья. Үргэлжлэл бий…