Он гарсаар унадаг дугуйтай холбоотой 86 осол гарчээ
Сүүлийн үед цахилгаан унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох өсвөр насны хүүхдийн тоо нэмэгдсэн. Үүнийгээ дагаад зам тээврийн осолд орох нь ч өссөн. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Тээврийн цагдаагийн алба ахмад Б.Энхболдоос тодрууллаа. -Сүүлийн үед өсвөр насныхан цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцдог боллоо. Үүнд Тээврийн цагдаагийн албанаас ямар хяналт тавьж байна вэ? -Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хяналт тавин ажилладаг. Ингэхдээ “0-10 хүртэлх насны хүүхдүүд унадаг дугуй болон явган хүний зам дээр заавал асран хамгаалагчтайгаа явах ёстой байдаг. 10-14 хүртэлх насныхан зөвхөн унадаг дугуйн зам дээр хөдөлгөөнд оролцох боломжтой. 16-18 насныхан унадаг дугуйн зам байхгүй бол зорчих хэсгийн баруун талаар хөдөлгөөнд оролцож болно” гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Унадаг дугуйтай автозамын хөдөлгөөнд оролцож байгаа бол саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглодог. Хүүхдүүд сурронтой автомашин сүлжих, замын урсгал сөрөх, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын хөдөлгөөний дүрмийн 25.2, 25.3 зэрэг заалтыг зөрчиж байгаа юм. Үүнд тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж ажиллаж байгаа. Харин суррон буюу цахилгаан дугуй нь техникийн нөхцөл байдлын хувьд мотоциклийн ангилалд орж байна. Тиймээс сурронтой замын хөдөлгөөнд оролцохдоо “А” ангиллын үнэмлэхтэй, насанд хүрсэн иргэн оролцох юм. Насанд хүрээгүй, бага насны хүүхдүүд цахилгаан унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохыг хориглоно. -Цахилгаан унадаг дугуйгаар унадаг дугуйн замаар зорчиж болох уу? -Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд “А” ангиллын үнэмлэх шаардлагагүй хэрэгсэл нь 50 метр кубээс бага мотортой, 60 км цагаас бага хурдтай дугуй багтдаг. Харин цахилгааны дугуйны хувьд 90 км цагийн хурдтай, 50 метр кубээс илүү хүчин чадалтай байгаа нь мотоциклтой төстэй хэмжээнд хүрч байгаа юм. Тиймээс цахилгаан дугуйгаар унадаг дугуйн зам дээр явж болохгүй. Тус хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох иргэд хамгаалах хэрэгсэлтэй, “А ” ангиллын үнэмлэхтэй байх шаардлагатай. Энэхүү тээврийн хэрэгсэл нь маш хурдан бөгөөд мотоцикл шиг дуу чимээ гаргадаггүй тул осол гарах тохиолдол байна. -Он гарснаас хойш хэчнээн дугуйтай осол гарсан бэ? -Оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой 86 осол бүртгэгдсэн. Ингэхдээ нас барсан хүн байхгүй ч гэмтэж, бэртсэн 31 осол, өөрийн буруугаас болсон 50 осол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан унадаг дугуй, скүүтер, ролктой явж байгаад осол гаргасан тохиолдол бүртгэгдээгүй байна.