ДАРААХ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2022.08.19/ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шаардлага хангаагүй 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг зогсоосон талаар хэллээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, найман их, дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэж байгаа аж. Дараах сургуулиудын үйл ажиллагааг зогсоолоо: 1. "Газарчин" дээд сургууль 2. "Зүүн хүрээ" коллеж 3."Маргад" дээд сургууль 4. Монголын менежмент, технологийн дээд сургууль 5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль 6. "Номэра" дээд сургууль 7. "Рафлес" ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль 8. "Түшээ" дээд сургууль 9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль 10. Чингис хаан дээд сургууль 11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль 12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль 13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль Хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Монгол Улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их, сургуульд 108 мянган оюутан суралцаж байна. Цаашдаа шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Шаардлагыг өндөр болгоно. Өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 34 нь их сургууль, 36 нь дээд сургууль үлдсэн найм нь коллеж байна. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно" гэх мэдээллийг өгөв.