25 April 2020
10 mins read
159k Views
Хагас тэрбум илүү буюу 560 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан Д.Энхжаргал нарын хэргээс харахад тансаглах маш дуртай эмэгтэйчүүд аж. Завшсан мөнгөөрөө бренд хувцас, гоо сайхны бараа, үйлчилгээ авч үнэтэй тавилга хогшил худалдан авсан. Экс дарга нягтлан хоёр хувцас, тавилгын дэлгүүр, гоо сайхны салон, шүдний эмнэлэгийн захирал, эздийн хамаарал бүхий компани руу “мах, хүнсний материал, барааны үнэ” зэргээр шилжүүлэг хийгээд мөнгөөр нь тансаглаж иржээ. “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн” компанийн данс руу 90 гаруй удаагийн үйлдлээр нийт 195 сая төгрөг шилжүүлснээс экс дарга хатагтай “Нараа бутик” дэлгүүрээс 157 сая төгрөгөөр нь өөртөө хувцас худалдан авчээ. Энэ дэлгүүр Европоос эмэгтэй бренд хувцас оруулж ирдэг. Дэлүүрийн эзэгтэйн мэдүүлснээр Ш.Одончимэг өөртөө болон охиндоо хувцас авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 30 сая төгрөгөөр үнэлэгдэх драпон пальто, суусар урт хар хантаазны хослол гэнэ. Тавилганы “Люкс таун” компани луу 64 сая төгрөг шилжүүлээд 17 сая төгрөгөөр гэртээ тавилга авчээ. Үүнд ширээ, хос буйдан,унтлагын хөнжил ор дэрний тавын таван ком зэргийг авчээ. 2017 онд 10 саяар унтлагын өрөөний ком тавилга авсан байна. Итали бренд хувцасны “Жоконди” дэлгүүр лүү Нийтлэг үйлчилгээний газраас “засварын материалийн үнэ” зэргээр 93 сая төгрөг шилжин орж Ш.Одончимэг ирээд туфль, пиджак өмд цамц, трико болон ээмэг зүүлт бугуйвч авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 10 саяын булган шуба гэнэ. Худалдагч нартай уурлаж уцаарлаж харьцдаг, падаан дээр гарын үсэг зуруулах гэхэд “би ийм юман дээр гарын үсэг зурдаг хүн биш” гэж томордог. “Үлэмж Грийс” салон луу 21 сая төгрөг шилжүүлээд “Шангрилла молл” дахь салбараас нь гоо сайхан, иллэг массажны үйлчилгээ авч иржээ. “Ди Ди Өү Би” компанийн шүдний эмнэлэгт 43650 долларын өртөгтэй шүдний эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр болж үүнээс 46 сая төгрөгийг нь шилжүүлсэн байжээ. Эмчилгээний хэрэгсэлийг Америкаас захиалсан аж. Үүнээс гадна 33 сая төгрөгөөр охиндоо “КН” апартментэд авто зогсоол авч өгчээ. Шүүх тансаглах дуртай дарга хатагтайг 20 сая төгрөгөөр торгосон. Эх сурвалж: Alim.mn