ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ГЭРЛЭН ДОХИОНЫ УХААЛАГ УДИРДЛАГЫГ БИЙ БОЛГОНО

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа.

Зөвлөгөөний эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатарын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа.

Эдгээр ажлын үр дүнд хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, түгжрэлийг бууруулахад нөлөөлнө. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгосноор авто замын уулзваруудын камержуулалт бодит цагийн өгөгдөл боловсруулж, уулзваруудын гэрлэн дохиог удирдах боломж бүрдэнэ.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав. Энэ хүрээнд авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.