АН-ЫН НӨМӨРТ ШУРГАСАН О.МАГНАЙГИЙН ГАДААДЫН ИРГЭНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ Ч СӨХӨЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭЭСЭЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж “Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагын ерөнхийлөгчтэй уулзахдаа авлигын гэмт хэргийг бууруулахад анхаарч, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан. Үүний дараахан буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Гадаадын хөрөнгө оруулагчдыг иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагууд аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасныг олон нийтэд ил болгоно. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс үзэхэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай хийх тэмцлээ улам чамбайруулж, авлигын төсөөллийн индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилтдоо хүрэхээр эрчимтэй ажиллаж байх шиг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг элдэв хэрэгт холбогдуулан өмч хөрөнгийг нь дээрэмддэг явдал манайд байсан уу гэвэл тийм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хамаарал бүхий хүмүүс, Улсын ерөнхий прокурорын төрсөн дүүгийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийнхэн нийлж, Японы иргэн, “Суруга Монгол” компанийн хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэх асуудлыг дэвэргэн бичиж буй. Харин ШӨХТГ-ын дарга асан, АН-ын нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалд томилогдож үзсэн Отгонжаргалын Магнай тэргүүтний холбогдсон, гадаадын иргэний хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийг яагаад сөхөхгүй байна вэ. Эрүүгийн хэрэгт холбогдоод ивээл хүсэн АН-ын нөмөрт шургалсан О.Магнайд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд буй билээ. Тэрбээр Ливан улс дахь Монголын Өргөмжит консулаар ажиллаж байсан Мохамад Зухуэр Итаны хөрөнгийг ээжийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид хууль шүүхийнхэн болон газрын албаныхантай хуйвалдан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны оролцоотойгоор авч өгсөн хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнайгийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ-ынхан шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн яг сарын өмнө НПГ-т хүргүүлчихээд буй. Тэгвэл өдгөө О.Магнайгийн өдүүлсэн хууль бус үйлдлийн гар хөл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хэргийг ч бас хууль сахиулах байгууллагынхан нэмж шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлээд байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, өдгөө ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджавын багт багтан ШШГЕГ-ынхаа Хорих ял эдлүүлэх албаны Тусгай бүлгийн даргаар томилогдсон хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн албан тушаалтан О.Магнайгийн хамаарал бүхий хүнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд О.Магнай Ливан улсын иргэнийг луйвардсан хэмээн бичиж байсан ч тэгсхийгээд мартагдсан. Энэ хэргийн талаар тодруулан хүргэе. Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилгыг зарсан газрынхаа төлбөрт хэмээн дээр дурдсан НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай нийлэн 724 сая төгрөгөөр үнэлүүлэн авсан байдаг. Үүнийгээ О.Магнай надад хамаагүй, ээжийн эзэмшлийн компанийнх хэмээн тайлбарласан нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад дээрх хүмүүс албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт буруутгагдсан юм. Шийдвэр гүйцэтгэгч нар 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс” ХХК-ийн мэдэлд байсан Баянгол дүүргийн нутаг дахь 11 давхар объектыг хураан авч 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн ээжийн эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн нь бусдын эд хөрөнгийг хууль зөрчин авсан гэж үзэх үндэслэлтэй байсан учраас ийнхүү хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар татсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан юм. О.Магнайгийн ээж С.Отгонжаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Седарс” ХХК-иас 723.8 сая төгрөг гаргуулахаар болсон байдаг. Ингээд төлбөр авагч иргэн С.Отгонжаргалд хурандаа Б.Цогжаргал давуу байдал бий болгохын тулд тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, Б.Батцэрэн, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун нарт “Илүү хурдан шуурхай ажиллаж, үр дүн гарга” гэх зэргээр үүрэг даалгавар өгч, дээрх компанийн хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий газрыг нь 25 хувийн гүйцэтгэлтэй байсан дутуу барьсан барилгын хамт С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа шилжүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нь хохироосон хэрэгт холбогдоод буй. Түүгээр ч зогсохгүй “Седарс” компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон, “Төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ” гэсэн албан бичиг Б.Цогжаргал бичиж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн нь ч тодорхой болсон. Уг нь С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй хэргийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа албан үүргээ гүйцэтгэсээр байхад нь “Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” хэмээн доод албан тушаалтнууддаа үүрэг өгч О.Магнайд давуу байдал олгосныг хууль сахиулагчид тогтоосон билээ. Түүгээр ч зогсохгүй “Седарс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаад төлөөлөх эрх нь дууссан Ц.Цэцэнбилэг гэх хүнийг “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино” гэж дарамталж байгаад “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” хэмээн бичүүлж авсан гэдгийг ч хууль сахиулах байгууллагынхан тогтоосон байдаг юм.