25 April 2020
10 mins read
159k Views
Өмнөговь аймаг, Оюу толгой компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Оюу толгой” компани тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймаг орон нутаг, иргэд олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой. Тус өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат үг хэллээ. Өдөрлөгийн үеэр ажлын байрны мэдээллээс гадна оюутан сурагчдад зориулсан лекц, сургалтууд болон ханган нийлүүлэгчээр ажиллахад тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл, ажил хайгчдад зориулсан сургалт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн 33521 хөдөлмөрийн насны иргэдээс 22,358 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2022 оны 2-р улирлын байдлаар 66.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Өмнөговь аймгийн хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 74.4 хувь, ажил хайгч 4532 иргэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэн ажил идэвхтэй хайгч 386 иргэн байна. Чадвартай, ажилтай, хариуцлагатай Өмнөговьчууд байхын тулд Нутгийн захиргааны байгууллага, уул уурхайн компаниуд хамтдаа харилцан үүрэг хариуцлага хүлээж түншлэлийн хүрээнд орон нутгийн иргэдийг чадавхжуулан, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт байгалийнхаа баялгаас шударгаар хувь хүртэх, ажилтай, орлоготой чинээлэг давхаргыг нэмэгдүүлэх, технологийн хөгжлийг нутагшуулах, өрхийн үйлдвэрлэгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон орон нутгийн хөгжил, ногоон хөгжил, байгалийн өгөөж, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг чухал зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюу толгой компаниас хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт иргэд та бүхэн оролцсоноор ААНБ-уудын хүний нөөцийн бодлого төлөвлөлт болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллийг авч, зарлагдсан сул чөлөөтэй ажлын байранд бүртгүүлж ажлын байраар хангагдах боломжтой. Өмнөговь аймаг Оюу толгой компанийн хамтын ажиллагааны 2015 онд байгуулагдсан гэрээний 8-р хавсралтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох заалтуудын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон ханган нийлүүлэлтийн ажлын хэсгүүд Оюу толгой компанитай хамтран ажиллаж байна.