ЕСДҮГЭЭР САРААС ОХИД, ХӨВГҮҮДЭД ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ВАКЦИН ХИЙНЭ

2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалт хийхээр болов.


2023 оны 10 дугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүний папиллома вирусийн вакциныг заавал хийх дархлаажуулалтын тоонд багтаасан байдаг. Хуульд 11 насныхныг дархлаажуулалтад хамруулахаар тусгасан бол бусад насныхан сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Уг вакциныг ХӨСҮТ-д хийж  буй юм.


Монгол эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрыг папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хавдар тэргүүлж байна. Тиймээс Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд уг вакциныг хийхээр тусгажээ. 


Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар, сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын вакциныг заавал хийх дархлаажуулалтад  ордог.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.