ШИЛЭН ЦОГООГ ШИНЭ АЛБАНД ТОМИЛОХ “ШИДЭТ ХӨЗӨР” ШИЛЭН ДАНСАНД БАЙДАГ УУ

Зам тээврийн хөгжлийн дэд сайд, МАН-ын бүлгийн зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх гээд  төрийн чухал албан тушаалыг сэлгэн хашиж явсан Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо” төрийн байгууллагуудын тендер, худалдан авалтуудыг шүүж сенсаацлаж амбицласаар явна.Анх шилэн дансны тухай хууль батлагдаж, төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа ил тод тайлагнадаг болсоноос хойш л энэ ажлаа эхлүүлсэн тэрээр  сүүлийн жилүүдэд шилэн дансны мэдээллээр дамжуулан намынхаа нөхдийг намнаж эхэлсэн нь намдаа адлагдах гол шалтгаан болж байсан юм.

Уг нь тэрээр нам нь сөрөг хүчин байх үеэс л шилэн дансны мэдээллээр дамжуулж намынхандаа нүүр олж, өрсөлдөгчдийг нь “намнадаг” байв. Ялангуяа АН-ыг төр барьж байх хугацаанд тухайн үеийн Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХНН, “Монгол РосЦветмет” ХХК-ийн удирдлагууд цаашлаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хүртэл АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж намынхаа даалгавар захиасыг тултал гүйцэтгэсээр ирсэн ч дэд сайд болж шагнуулсныхаа дараагаар шилэн дансны асуудлаа тэр чигт нь мартаж бас орхисон. Учир нь энэ хүн үе үе төрийн томоохон аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудыг “намнаж” нийгэмд сенсаци дэгдээж орхиод өөрөө хэсэгтээ таг чиг алга болж , харин эргэн ирэлт хийхдээ өндөр албан тушаалд томилогдсон байдаг жишиг түүхтэй нэгэн.

Түүний тухай мартаж боломгүй таагүй нэг мэдээлэл байдаг нь алдарт "1000 вагоны хэрэг".  Тэрээр Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа ашиглалтаас гарсан олон тооны хуучин вагоныг ОХУ-аас худалдаж авсан хэрэгт нэр холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдах дээрээ тулж, АТГ-т ч дуудагдаж явсан. Гэвч түүний нэр холбогдсон 1000 хуучин вагоны дуулиант хэрэгт өнөөг хэр нь хэн ч хариуцлага хүлээлгүй явсаар хэрэг нь замхарсан.

Ачааны вагоны үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа 22 жил байдаг, тэгэхээр 7-8 жилийн настай вагон оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 22-27 жил ашиглагдсан, ашиглалтынх нь  хугацаа дуусч актлагдах болсон вагонууд оруулж ирсэн түүний тарьсан хэрэг нь  тодорхой зохион байгуулалттай, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдүүдийн ил цагаан хулгай дээрэм бөгөөд  цаана нь их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байгаа нь ойлгомжтой хэмээн мэдээлцгээж байв.

Харин одоо дэд сайд асан “шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл шилэн дансны мэдээлэл ухаад тун завгүй болсон нь ахин нэг төрийн өндөр албан тушаалд санаархсандаа сандарч яваа боловуу гэх хардлага бий.  УИХ-ын даргын зөвлөхийн албан тушаалыг голсон түүнд өөр ямар эрх ямба эдлүүлж чадах нууц хөзөр шилэн дансанд шигтгэгдсэн байгааг олж мэдэх нь цаг хугацааны л асуудал болж байх шиг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.