ХУВЬЦААНЫ АРИЛЖААГААР ЗАХ ЗЭЭЛД ТЭРГҮҮЛСЭН 30 КОМПАНИЙГ НЭРЛЭЖЭЭ

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Уг үзүүлэлт ДНБ-ний 17.1 хувьтай тэнцжээ.


Энэ оны 1 дүгээр улиралд 204.93 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн байна. Арилжааны 188.94 тэрбум төгрөгийг үнэт цаасны арилжааны байгууллагаар, 15.99 тэрбум төгрөгийг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангаар хийжээ. Энэ хугацаанд хувьцааны арилжаа түлхүү явагдав гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Үнэт цаасны арилжааны хувьд:

  • 62.70 хувийг хувьцаа,
  • 20.77 хувийг компанийн өрийн хэрэгсэл,
  • 8.16 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас,
  • 8.37 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх,

Мөн хугацаанд 128.48 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 145.5 хувиар буюу 2.45 дахин нэмсэн үзүүлэлттэй гэнэ. Хувьцааны анхдагч зах зээлд нийт 8.90 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлд нийт 119.58 тэрбум төгрөгийн арилжаа явсан байна.


Зах зээл дээрх хувьцааны арилжааны тэргүүлэгч эхний 10 компанийн мэдээллийг үнийн дүнгээр харуулбал:

  • “Говь” ХК 67.89 тэрбум төгрөг,
  • “ХААН банк” ХК 8.75 тэрбум төгрөг,
  • “Богд банк” ХК 6.12 тэрбум төгрөг,
  • “Голомт банк” ХК 4.70 тэрбум төгрөг,
  • “Худалдаа хөгжлийн банк” ХК 3.23 тэрбум төгрөг,
  • “Хас банк” ХК 3.11 тэрбум төгрөг,
  • “АПУ” ХК 2.84 тэрбум төгрөг,
  • “Газар шим үйлдвэр” ХК 2.70 тэрбум төгрөг,
  • “Ард санхүүгийн нэгдэл” ХК 2.53 24 тэрбум төгрөг,  
  • “Инвескор ББСБ” ХК 2.50 25 тэрбум төгрөг,

Ийм байдлаар эхний 30 компанийг нэрлэжээ. Эдгээр компанийн арилжааны үнийн дүн 118.76 тэрбум төгрөгт хүрчээ.


Компанийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй. Харин хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42.56 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан юм байна.


Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш 2024 оны 1 дүгээр улиралд 31 компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.


Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлд 17.16 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Түүнээс хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангаар 1.17 тэрбум төгрөгийн арилжаа, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангаар 15.99 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Эдгээр нь арилжааны 6.8 болон 93.2 хувийг бүрдүүлж байна. Хоёрдогч зах зээлд дээр дурдсан 17.16 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Энэ нь 2023 оныхоос 24.1 хувиар нэмэгдсэн дүн юм.


Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 15.0 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлд нийт 1.73 тэрбум төгрөгийн, нийт 16.73 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэнэ.


Энэ оны эхний улиралд Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 68 удаагийн арилжаагаар 5.22 сая тонн нүүрсийг 2.39 их наяд төгрөгөөр худалджээ. Мөн 59 удаагийн биржийн арилжаагаар 358.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 94.94 тэрбум төгрөгөөр, 127 удаагийн арилжаагаар 5.58 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 2.48 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. Тухайлбал:

  • коксжих нүүрс 53.55 хувь (1/3),
  • баяжуулсан коксжих нүүрс 14.71 хувь,
  • баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 2.45 хувь,
  • баяжуулсан сул коксжих нүүрс 0.25 хувь,
  • дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 2.45 хувь,
  • дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 24.14 хувь,
  • эрчим хүчний нүүрс 2.45 хувь,

Төмрийн хүдэр, баяжмал энэ оны эхний улиралд 358.8 мянган тонныг арилжаалсны хувьд:

  • 52.22 хувийг Fe-52%- ийн агууламжтай төмрийн хүдэр,
  • 20.19 хувь Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал,
  • 27.59 хувийг Fe-65%-ийн агууламжтай төмрийн баяжмал худалджээ.

Энэ хугацаанд 187,305 шинэ данс, 55,781 холболтын данс шинээр нээгдэж өссөн дүнгээр нийт 2,580,599 данс, 646,243 холболтын данс “ҮЦТХТ” ХХК-д бүртгэлтэй байна.


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нийт хоёрдогч зах зээлийн арилжаанд:

  • дотоодын иргэний хийсэн арилжаа 27.35 тэрбум төгрөг (16.60 хувь),
  • дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 136.37 тэрбум төгрөг (82.77 хувь),
  • гадаадын иргэний хийсэн арилжаа 0.83 тэрбум төгрөг (0.51 хувь),
  • гадаадын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа 0.198 тэрбум төгрөг (0.12 хувь),

Хөрөнгө оруулагчид дээрх байдлаар, нийт 164.75 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.