СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦНООС 400 ЛИТР ТЕХНИКИЙН ТОС ХӨВСГӨЛ ДАЛАЙД АЛДАГДАХ АЮУЛТАЙ БАЙЖЭЭ

1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ.

Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй.  Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.