У.ХҮРЭЛСҮХ: 2024 ОН ГЭХЭД ХӨВСГӨЛ ДАЛАЙД ЖИВСЭН БҮХ АВТОМАШИНЫГ ТАТАЖ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхийлөгч тус байгууллагын албан хаагчидтай уулзахдаа “Хөвсгөл нууранд 35 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажилд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 309 тонн жинтэй онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Энэ бол усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Би Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг Ерөнхий сайд байхдаа гаргасан. Энэ асуудлаар Хөвсгөл далайд хоёр удаа очсон. 

Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болж байна. Ойрын үед Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй. 2024 онд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй. 36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг татаж гаргасан нь алба хаагчдын хичээл зүтгэл. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх нэгэн үе. Учир нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо.

Ерөнхийлөгч хүний хувьд хамгийн их санаа чилээж байгаа зүйл бол улс орны тогтвортой байдал. Тиймдээ ч байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Цаашид энэ мэт үндэсний хэмжээний хөдөлгөөнт ажлыг санаачлан үргэлжлүүлнэ” гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.