Х.НЯМБААТАР: “ГАДАГШАА ОНЛАЙНААР БЭТ, БООЦОО ТАВЬДАГ АСУУДЛЫГ НЭГ МӨР ЗОГСООНО”
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн тухай Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад иргэн, аж ахуйн нэгжээс ирдэг боловч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй байна. Харин цахим орчинд казиногийн тоглоом, спортын болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн амын дунд түгээмэл болсон байгаа нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна. Иймд казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгааг тодорхой болгож, тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих хэм хэмжээ, биелүүлэх шаардлага, тавих хяналтын талаар хуулиар зохицуулж, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагч танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудал нь тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тодорхой болсноор хуулиудын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахимаар казиногийн тоглоом болон бооцоот таавар эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, татвар ногдуулах боломжтой болно гэж үзжээ. Энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх бөгөөд хуулийн төслийг Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон Казиногийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.