МАН-ын албан ёсны дарга Л.Оюун-Эрдэнэ биш
Өнгөрөгч Баасан, Бямба гаригт У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхийн өмнө МАН - ын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг томилов. Мөн намынхаа удирдах зөвлөлийг өргөтгөж, бүрэлдэхүүнээ өөрчилсөн үйл явдал боллоо. БАГА ХУРЛААР НАМЫН ДАРГАА СОНГОХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ Л.Оюун-Эрдэнэд МАН-ын шинэ дарга гэгдэж, бага хурлаараа нам дотроо олонхийн санал авсан ч яг таг МАН ын шинэ дарга болсон гэсэн үг биш юм. МАН ын дотоод хуулиараа Бага хурал нь намын дарга томилох боломжгүй байдаг. Намыг цаашид толгойлж, асуудал шийдэж, хариуцлага хүлээлгэхийг шийдэх жинхэнэ намын даргыг тус намын Их хурлаар шийдэж улмаар тамга тэмдэгээ албан ёсоор хүлээлгэн өгдөг тухай хууль нам.мн сайтад бичигдэн үлджээ. Тус МАН ын дотоодод мөрдөгддөг хуулийг сийрүүлэн харвал, МАН ын даргыг Их хурлаараа сонгоно хэмээн заасан байх бөгөөд Их хурал нь ирэх 11 сард хуралдах аж. Тэгэхээр намын даргын тамга, тэмдэгийг өвөртлөн их эрх мэдэл рүү улайрч буй Л.Оюун - Эрдэнэ 11 сар хүртэл хүлээх нь. Харин наана нь намдаа Ерөнхийлөгчийн ачаар ямар саадгүй сонгогдох орчноо бүрдүүлсэн. Тэр ч бүү хэл МАН ын Бага хурлаар дэмжигдмэгц олон нийт рүү чиглэж албан ёсны дарга болсон хэмээх мессеж өгч байлаа. Намын дарга албан ёсоор болоогүй байж нам доторх хүрээллээ бүрдүүлж буй нь Их хуралдаа дахин хаалтгүйгээр олонх санал авахаар зэхэж байгааг тодхон харуулаад байгаа юм. ХАЛДВАРЫН УЛМААС ХОЁР САРТАЙ НЯРАЙ НАС БАРСАН НЬ ОГЦРОХ ШАЛГААН МӨН У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн, нимгэн халаадтай нь өвлийн хүйтэнд хүнлэг бусаар зөөвөрлөснөөрөө унасан байдаг. Гэтэл одоогийн Засгийн газрыг тэргүүлж буй шинэхэн Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнийн үед хоёр сартай нярай коронавирусын халдварын улмаас амь эрсдэлээ. Гэтэл тэрээр ямар нэгэн эмгэнэл илэрхийлж, хариуцлага ярихгүй байх төдийгүй таг дуугүй суусаар. Түүнд нярайн амь нас хамаагүй мэт Их хуралдаа бэлдэн жинхэнэ намын дарга болохоор улайрч байна. Ерөнхий сайд Л.Оюун - Эрдэнийн дотоод дайндаа ялахтай зэрэгцэн Төв талбайд иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Тэвчээр тасарлаа гэдгээ дуулган жагсаж байна. Л.Оюун - Эрдэнэ халдварын улмаас нас барсан нярайн асуудалд үг дуугарах юм бол ирэх Их хурлынхаа өмнө хариуцлага хүлээж намынхаа дарга болохгүй байх вий гэсэн айдас бий. Мөн тэрээр халдварын тохиолдол багасах гэж тэмцэж буй олон мянган алба хаагчдынхаа ам руу алгадах мэт цахим наадам хийнэ гэж бэлтгэж эхэлсэн нь нийгмийг бухимдуулаад байгаа юм. Өдөрт дор хаяж арван хүн халдварын улмаас цаг бусаар хорвоог орхиж, өдөрт нэг үйлчилгээний байгууллага дампуурлаа зарлаж, Төрийн байгууллагын аль ч салбар үйл ажиллагаа явуулах боломжгүй өдөр хоног аргацааж байх цаг дор цахим наадам хийж баярлаж суух хэдэн хүн байна вэ? Хагас хөл хориотой, орон нутаг руу явуулахгүй байгаа үед цахим наадам хийж Төрийн өндөрлөгүүд тэр дундаа МАН ынхан үнэмлэхүй ялалтаа тэмдэглэж, баярын парад алхуулж, телевизээр худлаа үг хэлж, цомхон наадам хийхэд арван тэрбум төгрөг зарцуулах нь. Зохиолч, яруу найрагч Р.Эмүүжингийн тэмдэглэснээр, “Томчуудын наадмын хуушуурын хамар цоргим үнэрт, Ядуу иргэд гэдэс нь өлсөх нь” гэсэн нь оноод хэллээ гэлтэй. Дээр нь онцлоход, цахим наадам хийснээрээ Улсаараа халдварын улаан бүс болж, энэ цаг үед буруу шийдвэр гаргасныхаа горыг арван жилдээ нөхөж барашгүй болно гэсэн үг юм. Улс даяараа гашуудаж, айдастай байгаа үед Ерөнхий сайд цахим наадам хийснээрээ өөрөө огцрох үндэслэлээ бүрдүүлээд зогсохгүй, МАН - ын намын дарга болох боломжгүй. Ирэх 11 сард болох МАН - ын Их хурлаар өөр хүнийг сонгох боломж бидэнд бүрэн байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.