ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАН НӨХРӨӨ ГЭМТЭЭСЭН ЭМЭГТЭЙГ ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулан суллалаа. 

Эмэгтэйд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд болов. 

Тус Шүүх хуралдааны явцын талаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэг сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа :  "Шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулсан гэм буруутай учраас шүүгдсэн.

Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Тэр эмэгтэй 4 настай, 8 настай хүүхэдтэй гэсэн. Гэтэл зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах байв.

Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнээр бахархсан" хэмээсэн юм.

Ингэснээр шүүх хуралдаан үнэн зөвийн талд байж чаддаг гэдгээ харуулсан үйлдэл боллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.