Нарны хүү Сарны охин ХХК-ийн найман тэрбумын хохирол барагдуулах шүүх хурал завсарлалаа

Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний  захиалгын мөнгө болох 8 тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг 5 өдөр хэлэлцэж, гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 2021-10-01-ний 14 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар нэхэн сануулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан.

Улмаар гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлсэн юм

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.