ХОХИРОГЧ Б: МОНГОЛ ОХИДЫГ ТУРКТ АВААЧИЖ ХҮЧИНДСЭН СИНГАПУР ӨВГӨНИЙГ 15 САЯАР ТОРГОЖ БАЙГАА НЬ ЯЛ ӨГӨӨГҮЙТЭЙ Л АДИЛ ЗҮЙЛ БОЛЛОО
Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан 64 настай сингапурын иргэнд анхан шатны шүүхээс 1.8 жилийн хорих ял оноож байсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 20-нд болж, түүнд оноосон хорих ялыг өөрчлөн 15 сая 400 мянган төгрөгөөр торгох торгуулийн ял болгожээ. Тэрээр турк улс руу монгол охидыг хуурч мэхлэн аваачаад хүчиндсэн, хүчиндэх явцаа бичлэг хийж хадгалаад эргээд тэрүүгээрээ дарамталсан, монголд биеэ үнэлэгч байнга авдаг байсан ба тэр бүх бичлэгээ хийгээд мөн л эргүүлж дарамталдаг байсан нь тогтоогдсон юм. Эрүүгийн цагдаагийн газраас Л-ийн гар утас, нөүтбүүк зэргийг шалгахад монгол улсын иргэн 1000 орчим эмэгтэйн нүцгэн зураг, бичлэг байсан ба тэр бичлэгийг нь цацна хэмээн эмзэг байдлыг нь ашиглан айлган сүрдүүлдэг байсан нь илэрч байв. Хохирогч эмэгтэйчүүд нь 1984-1993 оных байсан аж. Гэтэл монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гадаад улсад эмэгтэйчүүдийг хүчиндсэн учир монголд хамаарахгүй, зөвхөн охидын бичлэгийг нууцаар хийсэн гэдэг зүйл заалтаараа л буруудаж торгуулаад өнгөрч байгаа юм байна. Сингапур улсын иргэнд доромжлуулсан олон зуун охидоо хамгаалж чадахгүй торгоод л өнгөрч байгаа эл явдалд гомдолтой байгаагаа хэргийн хохирогч Б бидэнд мэдээлж, цахим хаягаар ярилцлага өгсөн билээ. Бид бэлгийн мөлжлөгийн хохирогч уг охины аюулгүй байдлын үүднээс орлон тоглогчоор охиныг үг хэлж байгаа мэтээр яриуллаа. Хохирогч Б : Сингапурын иргэн л бол маш аймшигтай хүн. Мөрдөн байцаалтын явцад би ганцаархнаа хохирогч биш гэдгээ мэдсэн. Маш олон охиныг хүчиндсэн, гэрэл зураг бичлэгээр нь дарамталсан юм билээ. Ийм олон охиныг зовоож дарамталсан юм чинь Л-ийг олон жилийн ял авах байх гэж бодсон. Гэтэл давж заалдах шатны шүүх 15 саяар л торгож байгаа юм байна. Тэр хүнд бол 15 сая төгрөг цайны мөнгө шүү дээ. Турк улс руу ядуу зүдүү эмэгтэйчүүдийг хуурч аваачаад 10 цаг нисэж очоод хүчиндэнэ гэдэг бол маш завтай, маш мөнгөтэй хүний л хийдэг гаж үйлдэл. Гэтэл торгох ял гэдэг нь энэ хүний хувьд огт ял биш. Ийм аймшигтайгаар монгол охидыг доромжилсон өвгөний толгойг илээд өнгөрч байгаа нь олон олон монгол охиныг доромжилж болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг боллоо. Хуулиа чангатгаад, өөрчлөөд ахин ийм зүйл болгохгүйн тулд ажиллаасай гэж хүсэж байна. Төрийн прокурор нь ахин давж заалдаад энэ хүнд заавал ял оноогоосой гэж хүсэж байна. Л бол хүн хүчиндэхээс гадна сэтгэл санааны асар их дарамтад оруулдаг хүн. Чи царай муутай, ядуу, хөх, бөгсгүй. Чам шиг захын монгол хүүхнийг яасан ч хэн ч мэдэхгүй. Ядуу орны гуйлгачид гэх мэтээр хараадаг. Ийм олон эмэгтэйчүүдээ доромжлуулчхаад торгоод л суллах гэж байгааг нь хараад шөнө ч унтаж чадахгүй тарчилж байна. Монгол гэхээрээ охид хүүхнүүдээ хүчиндүүлээд, доромжлуулаад суух болох хэрэг үү” гэсэн юм Эх сурвалж: Urug.mn