АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОЛОО

Нийтийн тээврийн жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн билээ. Харин нийслэлээс шат дараатай цалинг нэмэгдүүлнэ, орон тоог нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдлийг өгч байсан. Тэгвэл автобусны жолооч нарын цалинг 3,5 сая болгох шийдвэрийг хоёр хоногийн өмнө эцэслэжээ.

Энэ талаар П.Сайнзориг дарга ярихдаа "Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина.

Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна.

Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон" гэсэн мэдээллээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.