ЭНЭ САРЫН 20-НООС ГОЛ МӨРНИЙ ЦАС МӨС ХАЙЛЖ ЭХЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

ЦУОШГ-аас дараах мэдээллийг өгөв:

-Өнөөдрийн байдлаар жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Том голуудын мөсний зузаан өмнөх арван хоногоос 5-10 см нэмэгджээ. Гол, нуурын мөсний зузаан нийт уртын дагуу харилцан адилгүй байдаг. Бид харуулын цэгээс авсан мэдээллийн дагуу гол нуурын мөсний зузааныг танилцуулдаг.  

Нийслэлд ирэх сарын дундуур шар усны үеэр болох эрсдэл байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 хувь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц өмнөх оны мөн үеэс дөрөв дахин их буюу 70.5 км куб хэмжээтэй байна. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 40 хувь цасан  бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 14.8 км куб хэмжээтэй байв. Өмнөх жилийн мөн үеэс дөрөв дахин их цас оржээ.  

Энэ сарын 20-доор цас мөс хайлж эхэлнэ. Ирэх сарын 20-доор гол мөрний мөс бүрэн хайлж дуусна. Энэ онд цаг уурын огцом өөрчлөлттэй байсан тул шар усны үерийн эрсдэл өсөв. Шар усны үерээр малын сэг зэм угаагдан, голын ус руу орж ирэх эрсдэлтэй тул малын сэг зэмийг зориулалтын дагуу устгах хэрэгтэй.

Та бүхэнд гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаатай гармаар гарахыг зөвлөлөө.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.