"БУСДЫН ЗАХИАЛГААР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ АЙЛГАН, СҮРДҮҮЛДЭГ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА"

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоодог. Улмаар тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй хүмүүсийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгажээ.

Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албанд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн Б-оос “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-ын иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий гомдол ирүүлжээ.

Мөн тус компанийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ийн ажилчид, жолооч нар руу 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэж гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн:

  • Аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,
  • Хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх,
  • Захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдийг илрүүлэхээр цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.

Энэ ажлын хүрээнд сүүлийн 5 жилд:

  • 2019 онд 5 бүлгийн 6,
  • 2020 онд 5 бүлгийн 15,
  • 2021 онд 3 бүлгийн 6,
  • 2022 онд 6 бүлгийн 12 этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээс холбогдох ял шийтгэлийг оногдуулсан байна.

2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа.

Эх сурвалж: ЦЕГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.