МОНГОЛ БӨХЧҮҮДИЙГ ЯПОНД АВААЧИЖ ЗОДОЛДУУЛДАГ Д.СЭРЖБҮДЭЭГИЙН НУУЦ БИЗНЕСИЙГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?

Жирийн л нэг тээврийн жолоочоос баян тансаг амьдралыг босгож, “том” яваа хүн бол манлай заан Донровын Долгорсүрэн гэхэд хэн ч үгүйсгэхгүй. Түүний гэргий Д.Пүрэвбадам нь Архангай аймгийн Өлзийт сумын харьяат. “Улаан хүзүүт” Х.Дэлэг арслангийн охин нь. Тиймдээ ч төрүүлсэн үр хүүхдүүд нь бөх болцгоодог биз. Хамгийн том хүү Д.Сугаррагчаа нь залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаах хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъяабазар хоёр дахиа төрийн түшээ, өдгөө хотын засаг ноён болсон зайтай эр. Аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Түүний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. АСА группын захирлын албан тушаалыг хашиж, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа бизнесмэн. Харин отгон хүү нь монгол түмний бахархал болсон Их аварга Д.Дагвадорж. Бохир бизнест хуруу дүрэхгүй бурханаас заяасан эр бяраараа хэнээс ч дутахгүй сайхан амьдрах л улсууд. Гэвч мөнгө чөтгөрийг хүртэл захирдаг юм хойно Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд цустай бизнест дурлах болсонд монгол түмэн харамсана. Хэдэн жилийн өмнө заан Д.Долгорсүрэн их хэмжээний хуш модны самар нууцаар хил давуулахаар оролдож яваад эрүүгийн хэрэгт хэсэгтээ л холбогдон бөөн дуулиан тариад авсан. Гаалийн бүрдүүлэлтийг нь ургамлын үр хэмээн хуурамчаар бүртгүүлсэн, “Арвин Тайхар” компанийн нэр дээрх гурван камаз дүүрэн самар тухайн үеийн ханшаар 120 саяар үнэлэгдэж байж. Гэхдээ хил давсан тохиолдолд энэ ханш тав дахин өсч 600 сая төгрөг болох байсан гэдэг. “Арвин Тайхар” компанийн Б.Туул гэгч эмэгтэйг мөрдөн шалгахад хэрэг хамаараа Д.Долгорсүрэн зааныг илчилсэн байдаг. Ахмад буурлын маань дээрх үйлдэл ЭХ-ийн 175-р зүйл ангийг зөрчсөн бөгөөд тус зүйл ангийн 3-т заасны дагуу улсын хилээр онц их хэмжээний хориотой бараа гаргавал 5-8 жилийн хорих ялаар шийтгэх авч өнөө хэр таг чиг яваа. Анх 2005 онд нохой зодооны тэмцээнийг аварга Д.Сумъяабазар Монголд зохиож тус тэмцээнд начин Д.Одхүү түрүүлсэн юмдаг. Бөхийн хорхойтнууд “Бөхчүүдийг цус нөжтэй нь хольж, дэвжээ бузарласан хүн” хэмээн Д.Сумъяабазарт таагүй ханддаг. Үүнээс болоод өсөх ирээдүйтэй начин Д.Одхүүгийн амьд­рал уруудаж, хоёр дахь удаагаа танхайрсан хэр­гээр шоронгийн хаалга татсан. Хэдэн бөхчүүдийг нүдэлдүүлж цус нөжтэй нь хутгалдуулаад дундаас нь ашиг олох нь тийм ч шударга зөв, бизнес биш л баймаар. Гурван жилийн өмнө Улсын циркийг АСА групп хувьчилж авсан маргаан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Гэр бүлийнхэндээ нэгэн хийдийн хамба ламаар гурван өдөр ном уншуулчихаад Д.Сэржбүдээ 5 мянган төгрөг сарвайсан гэх. Өвөрхангайн нутгийн зөвлөлийнхөн заан Д.Долгорсүрэнгээс бага хэмжээний мөнгө гуйхад “Тэтгэврийн хөгшин надад юуны мөнгө байх вэ” гээд л тэдний гэр бүлийн талаар таагүй мэдээ хөврөх болсон. Асашёорюү их аваргын талаар бичээд ч нэмэргүй биз. Хүн хутгалсан, сэтгүүлч зодсон, танхайрсан хэргүүд нь цаг агаарын мэдээ шиг байнга л сонсогдож явдаг. Улсын Циркийг идчихэн шуналтай эр. Монголын ”Хөх чоно” буюу Д.Сэржбүдээ АНУ-ын Тим Ховардыг илүүрхэж ялснаас хойш ахиж нударга зөрүүлсэнгүй. Гэхдээ тэрбээр монголын залуу бөхчүүд, аймгийн цолтнуудыг Япон руу зөөж аваачин зартай боксёруудтай зодолдуулдаг, амьд мышок болгодог нууц бизнесээ хийсээр явна. Аймгийн цолонд хүрч цааш улсын наадамд ид хаваа үзүүлэх өсөх ирээдүйтэй бөхчүүд Д.Сэржбүдээгийн уран үгэнд хууртан япончуудад хэмхэртлээ нүдүүлж багахан хөлс атгадаг ийм нэгэн нууц бизнес өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Уг нь мэргэжлийн боксёруудын рингэн дээр бусдад зодуулан тарчилж хэвтэх ямар гутамшигтай байдгийг хотын засаг дарга Д.Сумъяабазар бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирон амссан даа. Тэрбээр 2012 оны хавар Америкийн номер нэг зодоонч Боб Сапптай зодолдож, хөлөө гэмтээгээд рингэн дээрээс хүнээр түшүүлэн орилж бахиран бууж байсан удаатай. Тэгтэл заан Долгорсүрэнгийн хөвгүүд бусдыг хооронд нь нүдэлдүүлж түүний дундаас ашиг унагах нь тийм сайхан ажил мөн үү? Амтай болгон нь л “Нэгт монгол хүн байж. Хоёрт тэд юу дутлаа гэж ийм муухай бохир бизнес хийдэг байна даа?” гэцгээн харуусан сууна. Ойворгон хүүхэд залуусыг ах дүү нар цуглуулан зодоон нүдээнд баахан дасгалжуулж байг­аад бөгсөн дээр нь бүлээн жинтүү тавин Арлын Японд аваачин амьд мышок болгож, баячуудын зугааг гаргадаг болжээ. Д.Сумъяабазар нарын үүсгэн байгуулсан кикбоксын “Хүчтэн 19-68” клуб нууцаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Тэнд нь дандаа л аймгийн цолтой бөхчүүд, том биетэй мангардуу хүүхэд залуус өдөржин цус нөжөө асгартал нүдэлдэж байх. Тус клубт холимог тулааны ОУХМ Ж.Нарантунгалаг нэг хэсэг багш, дасгалжуулагч хийж байгаад өөрийн саналаар ажлаасаа гарсан юмсанж. Түүний дасгалжуулагчийн ажлаа өгсөн нь арга ч байж үү дээ, Хэдэн сайхан залуусыг кикбоксоор бэлдээд тамирчны суурийг нь бэлдэж байтал замаас нь Д.Сэржбүдээ заримыг нь аваад явчихдаг. Японд очиж, мэргэжлийн зодоончдод навс нүдүүлээд элий балай болсон амьтан эх орондоо эргэж ирэхийг харсан хэний ч сэтгэл зүрх шархирна. Уг нь бийлэгжүү баячууд маань чөлөөт цагаараа казинодож, ужид цэнгэлд мансуурч, гольф тоглож, хурдан морь уяж зарим нь зөв сэтгэлтэй нь бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн явдагсан. Цус үзсэн бөх цаашид сайн барилддаггүй гэдэг нь үнэн. Гэхдээ зах зээлийн хямралтай энэ цаг дор аймаг, цэргийн цолтой бөхчүүд японы мэргэжлийн зодоонч эрчүүдэд толгой тархи руугаа ямба нүдүүлээд хэдэн доллар атгаж яваа нь өрөвдмөөр. 

/Үргэлжлэл бий/

эх сурвалж:Horiotoi.mn

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.