50 ОРЧИМ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХЯНАЖ ДУУСЧЭЭ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа . Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна. Мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн Банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал: “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группын 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум иенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзсан. Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон. Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нийт 75 зээл /66 зээлдэгчийн/-ийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсэхийг тус тус шалгуулна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрийг хяна н дуусаж байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна. Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байна. Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн Банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.