УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН НЬ БУСДАД 100.000 АМ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ, НҮҮРС ТЭЭВРИЙН 680 МАШИНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

-АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ  Г.ДОРЖПАЛАМД 100 САЯ АМ ДОЛЛАР ӨГСӨН-

Одоогийн УИХ-д бүрэн эрхтэй суугаа гишүүн А.Адъяасүрэн нь бусдад 100.000 ам.доллар авлигалаар өгч, нүүрс тээвэрлэж их хэмжээний ашиг хүртэж байгаа асуудалд яллагдагчаар татагдсан ч хэрэг нь прокурорын шатанд гацжээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд 2020 оны хоёрдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч  Г.Доржпаламд авлига өгөхөөр амлаж байсан.

Улмаар 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар А.Адьяасүрэнгийн “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ ХХК”-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан байдаг.

-680 АВТОМАШИНД ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУЛЬ БУСААР АВСАН-

Ийнхүү нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөнг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж байжээ.

Ийнхүү хуулийн дагуу 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

Гэвч тухайн үед А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд өөрийг нь яллагдагчаар татаж буй тогтоолтой танилцахаас татгалзаж байсан аж.

-КОМПАНИУДЫНХАА РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР НЭР БОЛОН ЭЗЭМШИГЧИЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨВ-

Хуулийн байгууллагаар авлгиал өгч тусгай зөвшөөрөл авч, нүүрс тээвэрлэж өндөр ашиг олж эхэлсэн асуудлыг нь шалгаж эхэлмэгц тэрбээр компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Тодруулбал:

•2021.10.18 өдөр “Тэнгри транс групп” ХХК нэрээ өөрчилж “Дайлангийн хишиг тээвэр” ХХК

•2021.10.19 өдөр “Сан тээвэр групп” ХХК  нэрээ өөрчилж  “Хишиг сайн ундрах” ХХК

•2021.10.19 өдөр “Баянговь транс” ХХК-ийг Baoyin Hexige гэх БНХАУ-ын иргэнд

•“Топ транспорт” ХХК-ийг А.Аюуш (А.Адьяасүрэнгийн эгч) А.Санчир (А.Адьяасүрэнгийн хүү) нарт тус тус шилжүүлжээ.

-ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БАЙГАА БӨГӨӨД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МӨРДӨХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-

Гэтэл А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.

Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ.

Гэсэн ч эрхэм гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг өнөөдрийг хүртэл Прокурорын хяналтад байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас мөрдөх ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон байдалтай олон сарын нүүрийг үзжээ. Түүнд одоо болтол Монгол Улсын хууль үйлчлэхгүй, бүрэн эрхэт гишүүн хэвээр байсаар байгаа бөгөөд авлигалаар авсан нүүрс тээврийн 680 тусгай зөвшөөрлөөрөө дамжуулан өндөр их ашиг олж, хөлжсөөр байна.

 эх сурвалж: Зиндаа.мн

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.