ДАВХАР ТҮРЭЭСИЙН ЗАЛИЛАН ХИЙДЭГ 23 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 75 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ШАЛГАГДАЖ ШҮҮХЭЭС 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧЭЭ
Орон сууцны давхар түрээсийн залилан газар авч, бүр энэ сэдвээр уран сайхны кино хүртэл хийгдээд байхад л хохирогч нар гарч ирсээр байна. Хуурамч байрны гэрчилгээ үзүүлж айлаас түрээслэсэн байраа өөр хүнд давхар түрээслүүлж залилдаг залилагч нар ихэвчлэн бүсгүйчүүд байдаг байна. Тэд бүр ялаас мултрах нарийн аргатай. Жирэмсэн, сэтгэцийн өвчтэй, хэрэг хүлээн чадваргүй гэсэн тодорхойлолт гаргуулж хэрэг үйлддэг байна. БГД-ийн шүүхээс 23 настай эмэгтэй байр түрээслэх нэрээр залилан хийж, иргэдийг хохироосон хэрэгт 10 жилийн хорих ял оноожээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр залилагч Ж зургаан удаагийн үйлдэлтэй болохыг нь тогтоож цагдан хорьжээ. Гэвч тэрбээр энэ үеэр жирэмсэн байсан тул батлан даалтад гаргажээ. Гэтэл батлан даалтад байх хугацаандаа дахин иргэдийг залилж, нийт 75 удаагийн давтан үйлдэлтэйгээр буцаад цагдан хоригдож, шүүх түүний гэмт буруутайг хэлэлцэн 10 жилийн хорих ял оноож, одоогоор хориход хүүхэдтэйгээ хүмүүжиж байна. “Ялаас мултрах” аргаа маш нарийн боловсруулж давхар түрээсийн залилан хийдэг бүсгүйчүүдээс болгоомжил Өнөөдрийн байдлаар давхар түрээсийн залилан хийж иргэдийг хохироосон 110 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Залилагч нар нь ихэвчлэн эмэгтэйчүүд. Арга нь нарийссан залилагч нартай хэн ч учирч, хэзээ ч ямар ч байдлаар хохирох эрсдэлтэй. Ялангуяа ипотекийн зээл гарахгүй, түрээсийн байраар амьдрах айл өрхүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа ийм үед ямар байдлаар хандах ёстой зөвлөмжийг Цагдаагийн байгууллагаас гаргаад байна. Манай улсад залилангийн гэмт хэргийг ганцхан Эрүүгийн тухай хуулийн 17.3 дугаар зүйл заалтаар хэрэг үүсгэж, мөрлөн шалгаж, хариуцлага тооцдог. Гэтэл залилангийн нэр төрлүүд олширч, цахим руу шилжиж, улс үндэстэн дамнасан олон улсын залилагч нарын бүлэглэл ажиллаж байхад хууль тогтоомж хангалтгүй байгааг мөрдөн байцаагч нар болон хохирсон иргэд хэлж байна. Гэмт этгээдүүдийн давхар түрээс, орон сууц худалдах, давхар захиалга авах зэргээр үл хөдлөхтэй холбоотой дараах үйлдлүүдийг маш нарийн зохион байгуулалттайгаар бүлэглэн хийдэгийг хуулийн байгууллагаас тогтоож, иргэдэд сэрэмжлүүлж байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний Ү дугаар, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг өөрчлөн хуурамч бичилт хийх, Цахим ТҮЦ машины үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хуурамчаар үйлдэж ашиглах, Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагааг ашиглан арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан их хэмжээний зээл гаргуулан авах; Арилжааны банк, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн судалгаа хийж барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж шалгах үед тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулах байдлаар зээлийн эдийн засагчийн итгэл үнэмшлийг олох Барьцаа, зээлийн гэрээнүүдийг байгуулсны дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, материалыг зээлийн эдийн засагчид өгөх, Арилжааны банк, ББСБ-аас зээл авах сонирхолтой иргэдэд хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагаа зэргийг гарган өгөх, зээлийн гэрээ, барьцааны гэрээн дээр улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгийг дуурайлган үйлдэх зэргийг дурьдаж болно. Харамсалтай нь сануулсаар байхад иргэд аль хэдийнээ залилуулчихсан байдаг. Тиймээс байр түрээслэх гэж байгаа бол, худалдах, худалдан авах гэрээ хийх гэж байгаа бол гэрчилгээний нууцлалыг шалгуулах, адаглаад тухайн орон сууцны харьяалагдаж байгаа СӨХ-рүү очиж хэний нэр дээр байдаг байр болох, жинхэнэ эзэн нь ямар хүн гэдгийг шалгуулчихад л гэмт хэргээс, хохирлоос өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.