С.ЧИНЗОРИГ: НОХОЙД ХАЗУУЛСАН 9 ИРГЭНД СҮРЬЕЭГИЙН ВАКЦИНЫГ 10-30 ДАХИН ИХ ТУНГААР ХИЙЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.Тэрбээр, Миний бие Ерөнхий сайдын саналаар Эрүүл мэндийн сайдыг ажлыг аваад өчигдөр орой 20.00 цагийн үед яаманд ирсэн. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхны мэдээллээрээ таагүй мэдээ хүргэж буйдаа хүлцэл өчье.

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин хийж байна гээд андуурсан уу, ажилдаа хайнга хандсан уу сүрьеэгийн вакцин хийж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсанд ард түмнээсээ уучлал хүсэж байна. Энэ хүмүүсийн хоёр нь 8, 14 настай хүүхэд, бусад нь 56 хүртэлх насны иргэд байна. Нэг иргэний уушгинд нэвчилт, сүүдэр үүссэн тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна гэсэн мэдээлэл ирсэн. Одоогоор бие нь хүндэрсэн хүн байхгүй.  

Энэ явдал 2022 оны 12-р сарын 5-наас эхтэй гэсэн мэдээлэл ЭМЯ-нд 2023 оны 1-р сарын 5-ны 13.00 цагийн үед ирсэн. 12-р сарын 5-наас 26-ны хооронд нэр бүхий есөн иргэн нохойд хазуулсан юм байна. Нохой хазуулсан иргэнд галзуугийн вакцин хийдэг заавартай. Гэтэл сүрьеэгийн вакцин хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан.

Нохойд хазуулсан есөн иргэний гуравт нь сүрьеэгийн вакцин гурван удаагийн тунг хийсэн ба  сүрьеэгийн вакциныг 30 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дөрвөн хүнд хоёр удаа сүрьеэгийн вакцин хийсэн нь зохих хэмжээнээс 20 дахин их тунгаар хийсэн байна. Хоёр хүнд нэг удаа сүрьеэгийн вакцин хийсэн. 

Эдгээр иргэд нэг удаа нэг нохойд хазуулаагүй. Өөр өөр цаг хугацаанд долоон нохойд хазуулсан. Тэгэхээр вакциныг андуурч хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Энэ мэдээллийг аваад сайд хувьд дараах шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, ЭМ-ийн сайдын тушаалаар мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг руу гаргалаа. Энэ баг хоёр чиглэлээр ажиллана. Сүрьеэгийн вакцин хийлгэсэн есөн иргэнд вакцины үр нөлөөг тандан судалж тогтоох. Хоёрдугаарт, Уг вакцины Эрүүл мэндийн газраас хүлээн авахдаа ямар зориулалтаар хэрэглэх тухай заавар чиглэл өгсөн тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалган тогтооно.

Ажлын хариуцлага алдсан эсэхийг шалган тогтооно. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн дарга нарыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн бичгийг өнөөдөр аймгийн Засаг даргад хүргүүллээ.

Буруу вакцин хийлгэсэн есөн иргэнд шаардлагатай бол эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. Вакцин бол амьд бактер. Амьд бактерийг зохих хэмжээнээс 10-30 их тунгаар хийснээр эдгээр иргэд сүрьегээр өвчлөх магадлал маш өндөр болно. Тиймээс газар дээр нь оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шаардлагатай бол эдгээр иргэдийг Улаанбаатарт авчирч нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр вакцин андуурч хийсэн анхны тохиолдол болсон байна. Эдгээр иргэдийг Монголд эмчлэх боломжгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт гаргаж, гадаадад эмчлүүлэх шаардлага үүснэ гэдгийг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулсан. Нөгөө талаар нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийгээгүй учир энэ төрлийн өвчлөл гарах вий гэсэн болгоомжлол бий. 2- 2.5 сарын дараа галзуу өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй гэлээ.

эх сурвалж:gogo.mn 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.