25 April 2020
10 mins read
159k Views
-Франц, Швейцарь, Бээжинд 8.1- 26 тэрбум төгрөгөөр зарагдсан Занабазар хийцийн бурхад “Эрдэнэсийн сан”, Гандантэгчэнлин хийдээс гарсан юм биш үү- Бид өмнөх дугаартаа “Эрдэнэсийн сан”-д Гандантэгчэнлин хийдээс өргөсөн найман авдар үнэт зүйл, бүртгэл, хадгалалт, хамгаалалт ямархуу байдалтай явж ирснийг тодорхой дурдсан. Энэ удаа Монголын соёлын үнэт өв мөн боловч эх сурвалж нь тодорхойгүй. Соёлын өвийн газар хийгээд холбогдох байгууллагуудад нь ямар ч бүртгэл байхгүй. Монгол Улсын өмч гэдэг атал араас нь нэхэмжилдэггүй. Хэвлэл, мэдээллийнхэн өчнөөн асуудал дэвшүүлдэг ч хууль хяналтын байгууллагууд мөрөөр нь шалгадаггүй хулгайд алдагдсан Занабазар хийцийн бурхдын талаар эргэн сөхөж байна. Ингэхдээ зүгээр нэг мэдээлээд орхихыг хүссэнгүй. Эдгээр бурхан чинь бүртгэл, судалгаа муутай явж ирсэн, нэг хүн дангаар 30 жил удирдсан Гандантэгчэнлин хийдээс гарсан юм биш үү. Эсвэл Гандантэгчэнлин хийд, Монголбанкны хооронд цааш нааш болгож ирсэн “Эрдэнэсийн сан” дотроос алдагдсан юм биш биз гэсэн асуултыг энэхүү нийтлэлээр холбогдох байгууллагуудад нь тавьж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920 оноос хойш худалдахыг хориглосон байдаг. Гэвч хулгайч нар Занабазар хийцийн бурхдыг ямагт онилж ирснийг энэ төрлийн хулгайн гэмт хэргүүдээс харж болно. Уг бурхад нь уран нарийн хийц, алтны орц, өв соёлын хосгүй дурсгал учраас гадаадын дуудлага худалдаанд өндөр үнэ хүрдэг байна. Тиймээс зөвхөн Занабазар хийцийн бурхан хулгайлж гаршсан гэмт хэргийн бүлэглэл бий болсон гэдгийг хууль хяналтын байгууллагынхан ч өөрсдөө хэлдэг. Гэхдээ ингэж нэрлэж, хавтаст хэрэг нээсэн эсэх нь тодорхойгүй. Ер нь бол музей, соёлын байгууллагаас алдагдсан үнэт ховор дурсгал, тэр дотроос Занабазар хийцийн бурхдыг цагдаагийнхан илрүүлж байсан удаа бараг л үгүй. 1000 гаруй соёлын өвийн дурсгал алдагдсан атал эргүүлэн олж авсан, буцаагаад музейд нь тавьсан удаа үгүй. Харин өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдээс Майдар бурхан гурав, Богд Зонхов бурхан шавьтайгаа хоёр, Өндөр гэгээн Занабазар нэг, нийт 7-8 бурхан алдагдсан хэргийн мөрөөр бүлэг хулгайчийг илрүүлж баривчилсан тухайгаа мэдээлж байв. Франц, Швейцарь, Бээжингийн дуудлага худалдаагаар 8.1-26 тэрбум төгрөгөөр зарагдсан Занабазар хийцийн бурхдын талаар 2014, 2016 онд хэвлэлүүд мэдээлэхдээ холбогдох газруудаас тодруулахад бүгд мөрөө хавчиж, толгой сэгсрээд өнгөрүүлсэн. Ямар ч бүртгэл байхгүй гэсэн. Зарим хэвлэлд Гандантэгчэнлин хийдээс алдагдсан юм биш үү гэж бичсэн нь бий. Харин “Эрдэнэсийн сан”-гаас гарсан юм биш биз гэж хардлага, таамаг тавиагүй. Өнөөдөр ингэж хардах болсон шалтгаан бол 1990-ээд оноос бүрхэг болсон “Эрдэнэсийн сан”-гийн бүртгэл бүрхэг болсон. Түүнчлэн тэр үед Гандантэгчэнлин хийд, Монголбанк хоёрын дунд нааш цааш зөөж, эргэж буцаж янз бүр болж байсан талаарх баримт, тооллогын дүнтэй холбоотой. “Эрдэнэсийн сан”-гийн эрэлд - I Бидний олж авсан баримт дотор гараар бичсэн тооллогын материал байна. Гандантэгчэнлин хийдийн эд зүйлийг тоолж паспортжуулах асуудал тухайн үед яригдаж байжээ. Энэ бүртгэлийн урт жагсаалт дотор Сэнгийн аро, Сэндон, Гомбо, Ногоон Дарь Эх зургаан ширхэг, Чогдог, Бурхан багш, Өндөр гэгээн /өөрөө өөрийгөө урласан/, Дүйнхор гурван, Очирдар, Чойжийжанцан Богд, Аюуш хоёр, Чагши Жанрайсиг хоёр, Манал, Одбагмид, Намжил суварга, Майдар гурван ширхэг, Чагдар, Манзушир, Гүнрэг, Очирваань, Дамдин, Бурхан багш зэрэг ард нь “Занабазарын” хэмээн тодотгосон 40-өөд бурхан байна. Үүнээс хоёр ширхэг Чагши Жанрайсиг бурхныг гуулиар урласан болохыг тэмдэглэжээ. Мөн бурхдыг дагалдах эд зүйлүүд, жишээ нь Майдар бурхны оройн алтан суварга, сэнтий, алтан жанчив суварга, мөнгөөр урласан дүрүүд гэх мэтчилэн жагсаалтад эрэмбэлэн бичжээ. Эдгээр бурхад одоо тоо ёсоор Гандантэгчэнлин хийдэд байна уу. “Эрдэнэсийн сан”-д өргөсөн бол улсын авдарт хадгалагдаж байдаг уу. Дээрх тооллогын бүртгэл, бичгээс үзэхэд 1980-аад оны дунд үеэс Гандантэгчэнлин хийд болон музейд байгаа соёлын бүх өвийг паспортжуулж, зургийг нь авч хадгалсан гэж ойлгогдож байна. Гэтэл Франц, Швейцарь, Бээжингийн дуудлага худалдаагаар зарагдаж байгаа Занабазар хийцийн бурхны зураг, урт өндрийн хэмжээ, жин гээд бүх мэдээлэл цацагдаж байхад Монгол Улс яагаад бүртгэл алга, эх сурвалж бүү мэд гээд сууж байдаг юм бол гэж бодогдоно. 2016 онд “Хятадад Занабазар бурхан 26 тэрбум төгрөгөөр зарагдлаа” гэсэн мэдээлэл гарсан. Уг бурхныг “cguardian.com” вэб сайтаар анх дуудлага худалдаанд зарласан бөгөөд Занабазар бурхан 52 см өндөр, суур нь 37 см хэмжээтэй болохыг дурдсан байдаг. Энэ бурхан Монгол Улсаас хэдийд, ямар замаар гарч одсоныг одоо хүртэл тодруулаагүй. Харин Хятадын нэгэн тэрбумтан авсан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Үүний өмнө буюу 2013 оны есдүгээр сард Парис хотноо "Sotheby's" компанийн дуудлага худалдаагаар Занабазар хийцийн алтадсан Буддаг 40-60 мянган ам.доллароор дуудаж, 75 мянган ам.доллароор зарсан байдаг. Энэ мэтчилэн “Занабазарын сургууль” гэж нэрлэсэн 5-6 бурхныг зарсан байгаа юм. Үүнийг хэзээ мэдсэн бэ гэвэл 2014 онд Занабазар хийцийн Ногоон Дарь Эх бурхан Парист "Sotheby's"-ийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 8.1 тэрбум төгрөгөөр зарагдах үед л монголчууд олж мэдсэн юм. Дуудлага худалдааны өмнөх өдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлснээр олон нийтийн сонорт хүргэж чадсан. Тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дуудлага худалдааг зогсоох, мөн Ногоон дарь эх бурхан ямар замаар тэнд очсоныг тайлбарлахыг албан ёсоор хүссэн хэдий ч Францын тал хүлээж аваагүй. Дээрх Ногоон дарь эх нь 30.7 см өндөртэй, хүрэл цутгамал байв. "Sotheby's" компани эдгээр бурхдын гарал үүслийн тухайд 1989, 1998 онд гадаадын нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэх зүүлт хийснээс биш эх сурвалж нь тодорхойгүй юм. 2017 онд Итали улсын "Cambi" компанийн дуудлага худалдаагаар мөн л Занабазар хийцийн бурхан 3.9 сая еврогоор зарагдсан. Щвейцарьт Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл ч бас гарч байв. Монголын холбогдох байгууллагууд “Манай улсын алдагдсан түүх соёлын үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй байна. Хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байх" гэсэн хариу өгдөг. Хууль хяналтынхан ч гэсэн жагсаалтад байхгүй бол боллоо гэсэн байдалтай сууцгаадаг. Занабазарын бүтээлүүд Монголоос гараагүй. Өөр улс оронд хуулбарласан байх гэж манайхны зарим нь мэлзэж магадгүй. Гэтэл тэр хийц давтагдашгүй, хэчнээн адилхан бүтээлээ гэхэд танигдана. Жишээ нь, Хятадын Долнуур орчим бурхан бүтээж ирсэн арвин туршлагатай ч өөрийн гэсэн онцлогтой тул Занабазарын хийц тэднээс ялгагдана. Бидэнд хардах эрх бий. Хэрэг илрэх нь харин цаг хугацааны асуудал юм. Сүүлийн үед Хөгжлийн банкны, “Нүүрсний”, төмөр замын, гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн гэх олон жил бугшсан хэргүүд илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Тэгвэл 2012 оноос Гандантэгчэнлин хийдийн санхүүг шалгуулах шаардлагыг зарим сүм хийдийн тэргүүнүүд тавьж ирсэн зэрэг олон жил яригдсан хэргүүд бий. Энэ дотроос Гандантэгчэнлин хийд болоод “Эрдэнэсийн сан”-г цөлмөж гаршсан “Шашны бүлэглэл”, шашин, улс төрийнхөн хоршсон мафийн хийсэн хэргүүд илрэх цаг нь болсон байж ч мэдэх юм. Эх сурвалж: Өглөөний сонин
1 Сэтгэгдэл