ЭРХ БАРИГЧИД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ АХИН ДОТООДДОО ТАЛЦАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн төслийг өнөөдөр /2021.10.14/ Засгийн газраас өргөн барьсан. Тодруулбал, тус хуулийн төсөлд Эдийн засаг хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулахаар болсон.  Засгийн газраас хуулийн төслөө өргөн барихдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд 2022 оны төсөвт ч зардлаа тусгажээ.

Тэгвэл дээрх хоёр яамыг шинээр байгуулснаар сайд нь хэн байх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа.Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь давхар дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу, эсвэл Үндсэн хуульдаа “халдаж” УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.  

Эрх баригч МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаад дахин Үндсэн хуульд гар хүрэхээр бол зөвхөн өөрсдөдөө зориулах уу эсвэл дараагийн парламент руу эрхийг нь шилжүүлэх  үү гэдэг дээр эрх баригчид хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Учир нь сайд болох хүсэлтэй нэг хэсэг нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж шинэ яамны хоёр сайдыг УИХ-ын гишүүдээс сонгох ёстой гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө нэг хэсэг нь өөрсдөдөө зориулж, албан тушаалд очихын тулд Үндсэн хуульд гар хүрсэн ч хуулийн хэрэгжилтийг дараагийн парламентад шилжүүлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай байгаа гэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ-ын дарга, гишүүд гаргана. 

Хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсантай зэрэгцэн эрх баригч нам дахиад л хоёр хэсэг хуваагдаж, талцах маргах бололтой.Үүний зэрэгцээ хоёр яам шинээр байгуулах сургаар МАН дотор сайдын суудал горилогчдын марафон ч эхэлж, даргынхаа үүдээр эргэлдэх болж , олон нийтээр ч өөрсдийгөө хайрлуулж буй нэгэн болж жүжих амбицлалтууд ч нэгэнт эхэлжээ.

Цахим хөгжлийн яаман дээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэрс яригдаж байгаа бол Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарын нэрс яригдаж байгаа гэх бор шувуу ниссээр байгааг хэвлэлүүд онцлох болсон.Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарын газрыг яам болгож, толгойлуулж таарах бололтой. Эсэргээрээ өөрчлөлт оруулбал, УИХ-аас хоёр сайд томилохоор яригдах юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.