С.ЭРДЭНЭБОЛД: СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ДАНГААР НОЁРХЛЫН ЭНЭ ЗАРЧИМ НЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ УХРАЛТЫГ АВЧИРЧ БАЙНА
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ залуучуудын байгууллагаа 200 сая төгрөгөөр худалдах гэж байна гэх асуудлаар тус намын залуучууд Төв талбайд мэдээлэл хийлээ. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Монголд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь сөрөг хүчингүй болгож байна. Сөрөг хүчингүй болсон дангаар ноёрхлын энэ зарчим нь хүний эрх, эрх чөлөөний ухралтыг авчирч байна. Мөн сүүлийн үеийн АН дахь дотоод зөрчил нь Монгол ардчиллыг устгах санаатай үйл ажиллагаа болж байна гэж залуус бид үзэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг шинэчилж байгаа нэрийдлээр хуурамчаар бий болгодог жишиг тогтлоо. Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоодыг дахин хувилсан. Энэ сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог татан буулгах гэж байна. Залуучууд бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай тэвчсэн. Намын дотоод асуудал учраас эв зүйгээ олох байх гэж хүлээцтэй байсан. Гэвч ах нарын талцал хуваагдал хойч үеэ ч талцуулж байна. Тиймээс бид энэхүү мэдэгдлийн дараа “Шонхор таур”-т очиж С.Эрдэнэ гэдэг хүнд шаардлага хүргүүлж, намын тугийг буулган авах болно. Мөн бид Х.Баттулга тэргүүтэй АН-ынханд ч шаардлага тавьж байна. Яагаад АН-ыг олон хувааж байхад дуугарахгүй байгаа юм бэ. Ер нь эвлэрлийг уриалж, хууль ёсны нэг Ардчилсан намтай болох уриалгыг Ардчилсан залуучуудын холбоо санаачилж байна” гэлээ. Ардчилсан залуучуудын холбооны хяналтын хорооны дарга н.Төмөрбаатар “С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж зарлан, шинээр хэвлэж аваад, жинхэнэ тамгыг маань 200 сая төгрөгөөр зарах гээд байна. Бидэнд жинхэнэ тамга нь байна. Энэ бол 2019 онд С.Эрдэнэболд ерөнхийлөгчийн сонгогдоход шинээр авсан тамга. Бид албан ёсны тамгатай Ардчилсан залуучууд холбооныхон” гэв.