ХОРИХ АНГИЙН ХҮМҮҮЖИГЧИД ХЯНАГЧДАА ЗОДУУЛСАН ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих байр болон Мандал сум дахь хорих ангид хүмүүжиж байгаад суллагдсан иргэд хянагчдадаа зодуулсан тухай гомдол тус аймгийн Цагдаагийн газарт нэгэн зэрэг шахам иржээ.

Аймгийн төвд байдаг Цагдан хорих байрны аж ахуй, үйлчилгээнд ажил хийж байгаад саяхан суллагдсан 19 настай Б, 31 настай Л нар хянагч А.Ариунбадрахад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зодуулсан хэмээн өргөдөл өгсөн аж. Мөн Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хүмүүжиж байсан 41 настай Э нь харуул хамгаалалтын ажилтан дэд ахлагч Н.Мөнхбаярт зодуулж гэмтсэн хэмээн гомдол гаргасныг Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ.

ШШГЕГ-ын удирдлага солигдсоноос хойш тус байгууллагад сахилга хариуцлага муудаж, олон хоригдол оргож, хүмүүжигч бүү хэл, хэрэгт шалгуулан цагдан хоригдаж байсан жирийн иргэд ч нас барсан явдал шил дараалан гарлаа.

Тэдний нэг болох Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид сэжигтэн нас барсан, хүмүүжигч оргосон нь хянагч нар хүний эрх зөрчиж, хоригдогчдыг зодож гэмтээсэн гэх зэрэг элдэв дарамт шахалтаас болсон байх магадлал ч өндөр. ХЗДХЯ-наас харьяа агентлаг болох ШШГЕГ-ын үйл ажиллагааг шалгах ажиллагаа нь хянагч нар хүмүүжигчдээ зодсон дээрх хоёр үйлдлийг нягтлах ажлаар үргэлжлэх нь гарцаагүй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлага алдагдаж, удаа дараа удирдлага, албан тушаалтнуудтай холбогдсон хэргүүд ар араасаа салахгүй байгаа тул ХЗДХ-ийн сайдын тушаалаар “ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах”-аар ажлын хэсгийг гаргаад байгаа билээ. Хяналт, шалгалтын дүн ирэх долоо хоногт буюу энэ сарын 25-ны өдөр гарна хэмээн ТНБД П.Сайнзориг мэдэгдээд байгаа юм. 

Ташрамд дурдахад, ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар тус сумын Цагдаагийн хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Ч.Тулгатын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр хууль сахиулах байгууллагын уг хоёр ажилтны эрүүл мэндэд хоёуланд нь хөнгөн гэмтэл тогтоогдсон гэнэ. Тэгэхээр уг хоёр албан тушаалтан харилцан зодолдсон гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.