25 April 2020
10 mins read
159k Views
Долоон тэрбум 800 сая хүн амтай дэлхийтэй хөл нийлүүлж, өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болох гэгээн хүсэл мөрөөдөл таньд байдаг уу ? Дэврүүн сайхан энэ хүсэл мөрөөдлийг тань далимдуулан худал хэлж, хууран мэхэлж, заналхийлэн хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох гэж байгаа гэмт этгээдүүд яг одоо ч байсаар байна. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуяг Цагдаагийн байгууллагаас бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр энэ оны эхний 7 сарын байдлаар 7 гэмт бүлэг этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхээр шийдвэрлүүлж байна. Тухайлбал: Нийслэл хотод оршин суух Н, Т, Ц, А, С нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд ар гэрийн хараа хяналт сул, амьдралын түвшин доогуур насанд хүрээгүй 14-17 насны 5 охины эмзэг байдлыг нь далимдуулан өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч мэхлэн тэдний нүцгэн зураг, бичлэгийг авч бусдад тараана гэж айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулан хүчээр биеийг нь үнэлүүлж байсан. Сэжигтэй этгээдүүд нь цахим орчинд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх зар байршуулан шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан хяналттайгаар бусдад биеийг нь үнэлүүлж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналттай мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлэн ажилласан. Гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэг этгээдүүд ихэвчлэн санхүүгийн хувьд чадамжгүй, нийгмийн эмзэг давхаргын, анхаарал халамж тавих хүнгүй охид, эмэгтэйчүүдийг эзмэг байдлаар нь далимдуулан онилж хохирогчоо болгодог. Тэдэнд хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хууран мэхэлж, эд хөрөнгө бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ оруулж Монгол Улсад болон гадаадад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг байна. Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тулгамдаж буй асуудал юу байна вэ ? Орлогын эх үүсвэргүйгээс болж бусдаас хараат байдалд ордог, гэмт хэрэгтнүүдээс айх айдсаас гадна бусад хүмүүс энэ талаар мэдсэн байх вий, олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарах вий гэсэн сэтгэл түгшсэн байдалтай байдаг бол гэр бүл, найз нөхдийн хандлагын тал дээр гадуурхах, буруутгах, харилцаанд нь өөрчлөлт орох, үүнээс шалтгаалан эмзэг байдал нь арилахгүй байх тохиолдлууд байдаг байна. Сэтгэл зүйч Б.Очиржанцан Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж буй охид бүсгүйчүүдийн шалтгааныг аваад үзэхээр бага насандаа үл хайхрагдах, сэтгэл зүйн хувьд бага насандаа зайлшгүй авах хэрэгцээнүүд нь хангагдаагүйн улмаас энэ төрлийн эрсдэл бий болоод байгаа юм. Жишээ нь: Бага насандаа хайр халамжаар дутаж өссөн эмэгтэй хүнд хайр халамж мэдрүүлэх, халуун дулаан үг хэлж байгаа тохиолдолд дотно байдлыг бий болгодог. Цаашлаад өөрийн эмзэг байдлаа, нууц мэдээллүүдээ алдах үүнээс нь болж сүрдүүлэх тохиолдол гардаг. Нийгэмд хохирогчийг буруутгах байдал маш их анзаарагддаг. Тэр эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг ойлгох, хүндэтгэх, жирийн харилцаагаар харилцахгүй байгаа тохиолдолд өөрийгөө нийгмээс тусгаарлах, өөрийгөө буруутгах, эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттайгаар үндэстэн дамнан үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлан тогтоосны үндсэн дээр уг гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, арга хэлбэрийг шинэчлэх, мөн иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байна. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуяг Монгол Улсын иргэн “Н” нь гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан 16 охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулан гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж хууран мэхэлж итгэлийг нь эвдэн Монгол Улсын хилээр гадагш нэвтрүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт орогнуулж байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хохирогч болох 15 иргэнийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан Улсын онцгой комисст танилцуулж, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран эх оронд нь авч ирсэн. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй байгаа таны охин хэнтэй, хаана, юу хийж байна, ярьж байгаа зүйл сэтгэл хөдлөл нь ямар чиг хандлагатай болж байна, бусдын хувцас эд зүйлийг хэрэглэж, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэж байгаа эсэхийг хянах, цахим хэрэглээг нь анхаарах шаардлагатай юм. Харин хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байх нь учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Таны мөрөөдөл, хүсч буй зүйлийг тань ашиглан хууран мэхэлж, гэмт хэргийн хохирогч болгохыг хэнд ч бүү зөвшөөр! Мөрөөдлөө хамгаалъя, хувь заяагаа атгая. Хохирогч Би зуны амралтаараа сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийдэг байсан. Ажил хийгээд сургалтын төлбөрөө бүрэн олох боломж бага учраас манай хамт ажилладаг байсан найз минь хамтдаа гадаад руу явж ажилласан дээр, тэнд илүү өндөр цалинтай учраас хоёулаа ганцхан сар л ажиллачихаад ирье гэсэн. Анхандаа бага зэрэг гайхсан л даа. Яагаад гэвэл анх удаа гадаад явах гэж байгаа, бас найз минь маш их ятгасан. Хамгийн гол нь найзтайгаа хамт явж байгаа учраас санаа зовох зүйл байгаагүй. Гэтэл тэнд очоод би өөрийгөө хүний наймааны золиос болчихсон гэдгээ мэдсэн. Очиход шууд л гадаад руу явахад гаргасан бүх зардлаа өөрөө төл гэсэн. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид тухайн хохирогчийн хүсэл, мөрөөдлийг судлан түүнд нь тохирсон мэдээллийг илгээн, өөрсдийн эрхшээлд оруулж, бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Тиймээс дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг хэмээн нэрлэж, үүнээс хамгаалах шүхэр буюу арга замыг хамтдаа эрэлхийлэн тэмцэж эхлээд байгаа юм. Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн хилийн чанадад үйлдэгддэг, зөвхөн Монгол хүмүүс хохироод байдаг хэрэг биш. Дэлхий нийтийн хэмжээнд зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэг юм. Тиймээс эх орон дотроо ч үйлдэгддэг, хилийн чанадад ч үйлдэгддэг. Хил гааль хаалттай үед хүн худалдаалах гэмт хэрэг зогссон гэж тайвширч болохгүй. Хүний наймаа үйлдэгдэж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүдийг, насанд хүрсэн залуу охид, эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлдэг, үүнээс болж охид эмэгтэйчүүд хохирч байна. Мөн уул уурхай дагасан, хүн амын төвлөрөл дагасан асуудлууд гарч ирж байгаа бөгөөд хөдөлмөрийн мөлжлөг зорилгоор хүмүүсийг хохирогч болгож байгаа учир энэ бүгдийг өөрийн улс дотроо шийдвэрлэх боломжтой цаг үеүүдэд ирээд байна. Тиймээс таны эргэн тойронд таны ойр дотны хэн нэгэн, амьдарч байгаа дүүрэг, хороо аймгийн сум, багын нутаг дэвсгэрт хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа, цалин хөлсийг нь өгөхгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байгаа асуудлууд байвал та өөрийнхөө харьяалагдах цагдаагийн газар яаралтай мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй юм шүү. Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40,3 сая. Үүний 4 хүн тутмын 1 нь хүүхэд, хохирогчдын 71 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүн худалдаалах гэмт хэрэг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг бөгөөд ашиг орлогын хувьд мансууруулах бодис, зэвсгийн наймааны дараа ордог тул олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Уг гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг учраас эрүүгийн бусад гэмт хэргийн адил хохирогчид нь цагдаагийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй нийгэмд бугшмал хүнд хэрэг юм. “Анбаунд монгол” ТББ-ын үйл ажиллагааны менежер Г.Заяа Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Харин хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж хосын харилцаан дээр дөрөөлж байна, өсвөр насны хүүхдүүдийн итгэлцэл дээр дамжуулан хүмүүсийг хохироож байна. Зарим тохиолдолд хүмүүс өөрийгөө хүний наймаанд өртсөн гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг. Манай “Анбаунд монгол” ТББ-нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дамжин өнгөрөх ажиглалт төслийг хилийн боомтууд дээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн зорилго нь хилээр дамжин өнгөрч байгаа зорчигчдоос судалгаа аваад, өндөр эрсдэлтэй байгаа гэж тодорхойлсон охид, эмэгтэйчүүдийг зогсоож гэр лүү нь аюулгүй буцаадаг. Энэхүү төслийн хүрээнд 3600 гаруй охид эмэгтэйчүүдээс судалгаа авч 24 охид, эмэгтэйчүүдийг зогсоож гэр лүү нь аюулгүй буцаасан. Ковид-19 цар тахал гарахаас өмнө буюу 2020 онд нийт 6 охид эмэгтэйг зогсоосон бөгөөд үүний зургаа нь насанд хүрээгүй, хүн худалдаалах гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, эрсдэлтэй ажлын сонголт хийгээд явах гэж байсан. Ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох, түүнчлэн хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртаж итгэдэг, дээрх гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэл дутуу зэрэг нь бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход гол хүчин зүйл, суурь шалтгаан болж байна. Иргэд: Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхчүүд маш сайн анхаарах ёстой. Орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, найзалж нөхөрлөж байгаа хүүхдүүдэд нь анхаарал тавих, хичээлийн бусад үйл ажиллагаан дээр илүү хараа хяналттай байх, багш, нийгмийн ажилтантай байнгын холбоотой байх хэрэгтэй. Энэ гэмт хэргийн золиос болж байгаа хүүхдүүд их байгаа шүү дээ. Монгол Улсад анх 1999 онд хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд түүнээс хойш албадан хөдөлмөрийн зорилгоор ЕвроАзи руу, бэлгийн мөлжлөгийн зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хүн худалдаалах гэмт хэргүүд илэрч байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан /Хүн худалдаалах/ гэмт хэрэгт 2017-2022 оны эхний 7 сар буюу сүүлийн 5 жил гаруй хугацаанд 237 хохирогч тогтоогдсоноос насанд хүрээгүй 95 хохирогч байгаа нь нийт хохирогчдын 40 хувийг эзэлж байна. Эх сурвалж: ЦЕГ