БҮРЛЭЭЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ БУЯНЫ КОМПАНИУДАД ӨГДӨГ ГЭХ 12 ЭМЧ, ЭНГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ 15 ИРГЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ.

Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэртэй хамтран уг хэргийг өдүүлсэн байна.

Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж.

Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Тэдэнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг 15 иргэнийг яллагдагчаар татсан аж.

Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төрийн ажлыг халаасаа зузаалах хэрэгсэл гэж харсан тохиолдол ганц энэ биш. Тус төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа”-д ашиглуулах гэрээ байгуулж 80 000 ам.долларыг уг компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан хэрэгт холбогдуулан шалгасан. Өөрөөр хэлбэл, 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж 2019 оны сүүлчээр мөрдөн шалгаж байсан. Уг хэрэгт нь дээр нэр дурдсан эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ч хамтатган шалгаад, ганц Ц.Пүрэвдашийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Ташрамд дурдахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 19 мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол шалгаснаас 16-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалт явуулж наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудын үйлдэл юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.