ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МАНДУУЛ ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ , ХАЛАГДАХ БОЗЛОО ХАНГАЛАА !

Засгийн газар хэмнэлтийн хууль санаачилж, УИХ хэлэлцэн батласан. Энэ дагуу УИХ-ын харьяа байгууллагууд төрийн байгууллага, төрийн өмчит газруудын дэд дарга, захирлуудыг цомхотгосон. Цомхотгохдоо өөр нэр өгч цалин хангамжийг хэвээр авч үлдэж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь цомхотгохоор өөр нэрээр аваад үлдчихдэг байв.

    Тухайлбал нийслэл УБ хот гэхэд орлогчуудаа төслийн удирдагч нэрээр орлогч даргатай ижил эрх мэдэл статустай байлгаж ирсэн. Тиймээс “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т : Энэ   хуульд  заасныг   зөрчиж  тэргүүн дэд,  дэд, орлогч дарга, зөвлөхийн  чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж маш тодорхой зааж өгчээ.

Гэсэн хэдий ч төрийн хууль, засгийн шийдвэрийг үл тоож буй том толгойтой дарга нарын нэгээр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нэрлэгдэж буй. 

Хөгжлийн банк дэд захирлуудаа бөөнд нь нэг шат буулгаж, газрын дарга болгожээ. Газрын дарга нь хэлтсийн дарга, хэлтсийн дарга нь албаны дарга болж буусан ийм нүд хуурсан залиланг хэрэглэсэн газар ганц эднийх биш. 

Хөгжлийн банк мөн адил, газрын дарга нэртэй болсон хуучин дэд захирлуудын цалин хангамж, байр суурийг нь хэвээр хадгалан үлдээж , хэмнэлтийн тухай хуулийг зөрчжээ. 

Төрийн банк болон Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат. Энэ хүний чиглэл удирдамжаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Төрийн банкны захирал Ө.Гантөр нар ийм хууль зөрчсөн үйлдэл хийж сууна уу эсвэл өөрсдөө толгой мэдэн төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхээс татгалзав уу?

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21.1-д “Төсвийн  захирагч, энэ  хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн   гүйцэтгэх  удирдлага  болон холбогдох  албан  тушаалтан  үйл ажиллагаандаа  санхүүгийн  сахилга бат, хэмнэлтийн  горимыг  мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан.  

Иймд хөгжлийн банкны захирал Н.Мандуул Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо мөн хангаад байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.