З.МЭНДСАЙХАН: ХОНИНЫ НӨӨЦИЙН МАХЫГ КГ ТУТАМД 250 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗГ-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ГАРГАНА

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн хүү гаргана. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.

                                     З.МЭНДСАЙХАН: ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ - ХХААХҮЯам

Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийн мах бол 70 хувь хонь, ямааны мах байгаа.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3600 тонн, хонины мах 6800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байна. Зах зээлд үхрийн мах 8900 төгрөг, хонины мах 8300 төгрөг, ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө гаргаж, мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн. Харин нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийтдээ 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна гэсэн. Ингэхээр нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниуд борлуулж буй хонины гулууз махны үнэ 7750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах гэдгийг мэдээлэх байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.