"ҮНИЙН ХӨӨРӨГДЛӨӨС БОЛЖ АРД ИРГЭД БҮСЭЭ ЧАНГАЛСААР БҮР ЭЦЭСТЭЭ ТУЛЛАА"

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр мэдээлэл өглөө.


“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөлөл:

-Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл болоод байна. Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болж байна.  Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой болсон.

Сүүлийн 2-3 жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр өнөөдөр хэрээс хэтэрлээ. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж буйн илрэл юм.


Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг нэн яаралтай зогсоож, туйлдсан ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа. Бид шаардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна  үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ. 


Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд "Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна" хэмээн заасан байдаг. Тэгвэл Засгийн газар арга хэмжээ авахгүй бол ард түмэн бид түр засгийн газар байгуулаад ард түмний төлөө тэмцэхэд бэлэн байна гэсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.