УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАРГАД ГОРИЛСОН ГУРАВ ОРОСЫН ТАЛД ГОЛОГДОВ
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч 7-р сард хүнд өвчний улмаас таалал төгссөн. Харин түүний албан тушаалд томилогдох эрхэм тодроогүй байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар удаа дараа тус албан тушаалд Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарыг санал болгосон ч ОХУ-ын тал тэднийг зөвшөөрөөгүй. Горилогсодыг голох шалтгаан нөхцөл нь тэд авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдож байснаас үүдэлтэй. Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга, Г.Сэрээнэндорж нь УБТЗ-ын ерөнхий инженер, харин Б.Даваасүрэн нь УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны даргаар ажилладаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Орос Монгол хоёр улсын хамтарсан компани учраас түүний удирдлагыг Монголын тал дангаараа шийдэх боломжгүй. Харин Л.Халтар сайдтай зөвшилцөж шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн нэгнийг санал болгох боломжтой. Ямартаа ч салбарын сайдын санал болгосон горилсон гурав гологдлоо.Иймд дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлнэ. Түүнийг нь Оросууд дэмжих эсэхээс олон асуудал шалтгаална. Оросуудын тавьж байгаа шаардлага шалгуур үзүүлэлтэд ажлын дадлага туршлага албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй байх мөн мэдлэг боловсролын үзүүлэлт багтжээ. Нөгөөтэйгүүр Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрөх нь нэгэнт тодорхой байна.