900 САЯЫН ТАНСАГЛАЛ БА ТӨСӨВГҮЙ ТӨР

Ганцхан аймгийн гурван удирдлага нийлээд 900 сая төгрөгөөр 2025 оны “0” гүйлттэй, тас хар тентэй, тансаг зэрэглэлийн гурван жийп авч унаж байгаа нь төсвийн хэтрэл, бүр туйлдаа хүрсэн тансаглал биш гэж үү.

 Аравхан минут алхахад бүтэн тойрчихоор жижигхэн Баруун-Урт хотоосоо тэр бүр гарч үздэггүй, гэр нь ажилтайгаа бараг хаяа залгаа шахуу байрладаг дарга нарт ийм үнэтэй машин үнэхээр хэрэгтэй юу? 

Хэрэв аймгийн Засаг дарга М.Идэрбат малчдадаа санаа тавьж, алслагдсан сумдаараа өдөр алгасахгүй явж, бартаат зам туулдаг учраас туулах чадвар сайтай машин зайлшгүй шаардлагатай болсон бол нэг хэрэг. Гэтэл зах зээл дээр 150 орчим сая төгрөгийн үнэтэй, энгийн иргэн байтугай төсвийн цалингаар ч авахад бэрх Nissan Patrol Y62-ийг голж, шинэ загвар болох Nissan Patrol Y63-ийг тус бүр 352 сая төгрөгөөр төсвөөс худалдан авч унаж байгаа нь яах аргагүй тансаглалын дээд илрэл юм. 

Үүнийг илүү ойлгомжтой жишээгээр харъя. Өнөөдөр нэг багшийн дундаж сарын цалин 1.5 сая төгрөг. Тэр багш 234 сар, өөрөөр хэлбэл 19 жил тасралтгүй ажиллаж, цалингаа сохор зоос ч зарцуулахгүй хадгалж байж л 352 сая төгрөг цуглуулна. 

Өөрөөр хэлбэл, нэг багшийн бараг насаараа хөдөлмөрлөж байж ч олж чадахгүй мөнгө залуухан даргын тансаг хэрэглээнд зориулагдаж байна гэсэн үг. Ийм байхад Засаг дарга нар нь “төсөв улайхгүй” гээд тансаглаж суучхаад, Засгийн газар нь “төсөв мөнгө алга” хэмээн уйлагнах нь огтхон ч авцалдахгүй санагдана. Эцэст нь, цас орлоо гээд өвс тэжээл тараах, цагаан сар боллоо гээд одон медаль гардуулах үеэр УИХ-ын гишүүд Сүхбаатар аймагт очно. Тэр үед л түшээдийн цувааг дагаж давхихад М.Идэрбатын 900 саяын гурван жийп ганц удаа “хэрэг” гаргах биз. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.