НУУЦ АМРАГТАЙГАА НИЙЛЖ НӨХРӨӨ ХӨНӨӨХ ЗОРИЛГООР УУХ ЗҮЙЛД НЬ ХУЛГАНЫ ХОР, УКСУС ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДЭД ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛЫГ ТУС БҮР 3 ЖИЛЭЭР БУУРУУЛЖЭЭ

Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О нь өөрийн гэр бүлээс гадуурх харилцаатай 39 настай эрэгтэй Ц-тэй хамтран нөхрийгөө хөнөөх зорилгоор ундаанд хулганы хор, архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан. Шүүхээс нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл хяналтын шатны шүүхэд О-ийн өмгөөлөгчөөс ялыг хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гомдол гаргасныг шүүх хэлэлцжээ.
Ингэхдээ шүүхээс хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй буюу хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учраагүйгээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан О-д 10 жилийн хугацаагаар хорих ял, Ц-т 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулжээ.
Хэргийг эргэн сануулахад, Б, О хоёр гэр бүл болоод 17 жил болсон байна. Гэтэл эхнэр О нь Ц гэх эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд нөхрийгөө хоёр өдрийн дотор хоёр ч удаа хордуулах гэж үзсэн аж. Улмаар нөхөр нь эмнэлэгт хэвтсэн үед нь сахиж байх үедээ тарианы шингэнд нь юм хольж түүнийг алахыг завдсан гуравдахь үйлдлээ гаргасан байна.
Энэ тухай түүний нууц амраг болох Ц "Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэдэг байсан. Тэгээд надаар тийм, тийм зүйл дэлгүүрээс авахуулж, тэр үйлдлийг хийсэн" гэж мэдүүлжээ.
Улмаар шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэж хүн хөнөөхийг завдсан гэж үзэж эмэгтэйд нь 13, эрэгтэйд нь 12 жилийн ял оноосон байдаг.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.