АВИЛГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ‘’ЭЛГЭН’’ ХХК ДАХИН ТӨРИЙН ТОМ ТЕНДЕРТ ШАЛГАРЛАА

 69.7 тэрбумын “нууц гэрээ”-ний дараа 20.7 тэрбум төгрөгийн шинэ гэрээ байгуулжээ 

Нүүрсний хулгайн дуулиан өрнөж, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа анхаарлын төвд байсан 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр нарын нэр авлигын хэрэгт холбогдож байв. АТГ-аас Ч.Цогтбаярыг өнгөрсөн онд баривчилсан бөгөөд түүнийг Б.Ганхуяг болон түүний зөвлөх С.Энхтөр-тэй хамтран “Эрдэнэс Тавантолгой”-гоос өндөр дүнтэй гэрээ, тендерүүд авсан, мөн тэдгээрийнхээ төлөө авлига өгсөн гэж үзсэн байдаг.

 Тэдний хамгийн дуулиантай хамтын ажиллагаа бол 2022 оны аравдугаар сарын 25-нд байгуулсан 69.7 тэрбум төгрөгийн “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” юм. Энэхүү гэрээг нууцын зэрэглэлд оруулж, олон нийтээс хаасан байжээ. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой”-г төлөөлж Б.Ганхуяг, “Элгэн” ХХК-ийн зүгээс гүйцэтгэх захирал У.Хүрэлбаатар гарын үсэг зурсан байдаг. Гэвч гэрээ байгуулснаас ердөө нэг хоногийн дараа Засгийн газар тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилж, уг гэрээг шалгасны эцэст хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ийнхүү “нууц гэрээ”-ний асуудал ил болж, Ч.Цогтбаярыг авлига өгсөн үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Гэсэн хэдий ч “Элгэн” ХХК үүгээр зогссонгүй — тус компани саяхан дахин 20.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан нь олон нийтийн анхаарлыг дахин татаж байна. Авлигын хэрэгт нэр холбогдож, “эрсдэлтэй компани”-ийн жагсаалтад орсон Ч.Цогтбаяр 2024 онд компанийнхаа хувьцааг өөрийн охин Цогтбаярын Өнөрбаярын нэр дээр шилжүүлсэн байна. Ингэснээр “Элгэн” ХХК-ийн албан ёсны эзэмшигч нь түүний охин болсон юм. “Элгэн” ХХК нь 2005 онд Ч.Цогтбаяр, Т.Сүрэнжав, У.Хүрэлбаатар нарын хамт үүсгэн байгуулсан бөгөөд анх гүний худаг гаргах чиглэлээр ажиллаж байгаад 2010 оноос уул уурхайн өрөмдлөг, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Б.Ганхуягийн удирдлагын үед тус компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос дараах ажлуудыг гүйцэтгэсэн байдаг: 

• 2018.06.11 – “Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажил” – 1.6 тэрбум төгрөг 

• 2018.06.11 – “Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын ажил” – 9.3 тэрбум төгрөг 

• 2019.05.08 – “Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажил” – 8.0 тэрбум төгрөг 

Нийтдээ “Элгэн” ХХК 19 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн байдаг. Мөн Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр болон Ч.Цогтбаяр нар “Ханбогд рийл истэйт” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд энэ компани нь “Regis Place”, “Park Palace” зэрэг үл хөдлөх хөрөнгийн барилгуудтай холбоотойгоор мөнгө угаасан байж болзошгүй хэмээн өмнө нь мэдээлэгдэж байв. Ийнхүү авлигын хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан “Элгэн” ХХК төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай дахин 20.7 тэрбум төгрөгийн тендерийн гэрээ байгуулсан нь олон нийтийн дунд ил тод байдал, хариуцлагын асуудлыг дахин хөндөж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.