“СЭЛЭНГЭ МИНЕРАЛС”-ИЙН ЛИЦЕНЗГҮЙ УУРХАЙД 50 ГАРУЙ ХЯТАД ИРГЭД АРХИДАН СОГТУУРЧ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бор толгойн “Нарт” гэх газарт “Сэлэнгэ минералс” ХХК алт олборлолт явуулж байгаа ч ямар ч төрлийн ашиглалтын зөвшөөрөл, лицензгүй болох нь нутгийн иргэдийн мэдээллээр тодорхой болов.

Гэвч үүгээр зогсохгүй тус компанийн талбай дээр 50 гаруй БНХАУ-ын иргэд байнга оршин сууж, олборлолтын ажил эрхэлж байгаа нь ил болсон байна. Эдгээр иргэд зөвшөөрөлгүй ажиллахаас гадна орон нутгийн иргэдийн мэдээлснээр архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нь ноцтой нөхцөл байдалд хүргэжээ.

“Шөнө дөлөөр чанга хөгжим тавьж архидаж, нутгийнхны амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Хууль бус олборлолт яваад байхад хяналт тавих хүн алга” хэмээн Баянгол сумын оршин суугч хэллээ.

“Сэлэнгэ минералс” ХХК-ийн уг үйл ажиллагаа нь уул уурхайн хууль зөрчсөнөөс гадна гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журам, хилийн дэглэмийг ноцтой зөрчиж буй хэрэг гэж үзэх үндэстэй байна.

Хууль, хяналтын байгууллагууд энэ асуудалд яаралтай шалгалт оруулж, лицензгүй олборлолт болон гадаадын иргэдийн хууль бус байрлалыг илрүүлэх шаардлагатай байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.