“БАТТУЛГЫН СҮҮДЭРТ ‘АМИЛСАН’ НАМ, Д.ПҮРЭВДАВААГИЙН СААРАЛ СХЕМ”

Сонгуулийн дараах улс төрийн “найр” намжиж амжаагүй байна. Гэвч УИХ-ын танхимд сууж буй зарим шинэ гишүүдийн ард юу өрнөсөн бэ гэдэг асуулт хариулт нэхэж эхэллээ. Тэдний нэг нь Даваахүүгийн Пүрэвдаваа.

 

🟪 АН-аас “өрх тусгаарласан” биш, стратегийн шилжилт үү?

2024 оны сонгуулийн өмнөхөн Д.Пүрэвдаваа Ардчилсан намаас гарч, өөрийн улс төрийн шинэ “оромж” болох Либерал Ардчилсан нам руу “нүүсэн”. Гэхдээ энэ нь энгийн нам солилт биш байлаа.

Мэдээллийн эх сурвалжуудын хэлж буйгаар, тус намыг анх байгуулсан Б.Төмөрмөнх хуулийн байгууллагын мөрдлөгөөс зугтсан үед, намын тамга тэмдэг гэнэт Пүрэвдаваагийн гарт орсон байдаг. Тэр үед МЛАН нэр хаягтай нам улс төрийн тавцанд бараг оршин тогтнохоо больсон байсан ч, гэнэт “амь орж”, шинэ дарга, шинэ оффис, шинэ хэв маягтайгаар гарч ирсэн нь анхаарал татсан.

 

Тэгэхээр асуулт гарч ирнэ:

 

Хуульд шалгагдаж байсан хүний байгуулсан намын тамга хэний заавраар, ямар аргаар Пүрэвдаваад очсон бэ?

 

🟪 Баттулгын сүүдэр

Пүрэвдаваа бол зүгээр нэг улстөрч биш. Тэр нэгэн цагт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх, Баянзүрх дүүргийн Засаг дарга, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга байсан. Улстөрийн “туршлагатай тоглогчдын” хүрээнд Баттулга, Пүрэвдаваа хоёрын холбоо хуурай баримт биш, олон жилийн хамтрал юм.

 

Тиймээс “Баттулга Пүрэвдаваад жижиг нам худалдаж авч өгсөн” гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд эргэлзээтэй гэхээсээ илүү мэдэгдэж байгаа нууц болж хувирсан.

 

Өнөөдөр Пүрэвдаваа Н.Номтойбаяртай эвсэж, Либерал Ардчилсан намын нэрийн дор Төрийн ордонд суугаа ч, улс төрийн дотоод эх сурвалжууд “энэ бол Баттулгын хүнээ байршуулсан алхам байсан” гэж тайлбарлаж байна.

 

🟪 Эхнэрийн бизнес ба тендерийн мөр

 

Улстөрчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг бол тэдний бодит хөл хөдөлгөөний газрын зурагтай адил. Пүрэвдаваагийн хувьд түүний эхнэр Н.Мөнхчимэгийн нэр дээр “Цэнан” ХХК гэх компани бүртгэлтэй. Энэ компани 2023 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан хэд хэдэн тендерт оролцож, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баригдах Өрхийн эрүүл мэндийн төвийн 680 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ.

 

Тэр үед нөхөр нь НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан гэдгийг санахад илүүдэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэг талд нь улс төрийн эрх мэдэл, нөгөө талд нь нийслэлийн төсвийн тендер, төр ба гэр бүлийн бизнес огтлолцсон цэг гарч ирж байна.

 

🟪 “Эмчилгээ ба архи”  нэг гудамжинд хоёр бизнес

 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Чин-Ачлал” эмнэлэг ба замын эсрэг талд нь байдаг “Бэстрейд” ХХК-ийн баар хоёул Д.Пүрэвдаагийн гэр бүлийн бизнесийн нэг хэсэг.

 

Нэг талд нь “уламжлалт анагаах ухаан”, нөгөө талд нь “цэнгээний соёл” энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлж буй нь сонирхолтой давхцал. Энэ бол зүгээр нэг бизнес биш, бүх чиглэлд шургах стратеги, улс төрийн хүрээнд “Суусан газар бүрээсээ шороо атгадаг” гэх тодорхойлолтыг түүнд наахад хүргэжээ.

 

🟪 Саарал ордны сүүдэрт үлдэх асуулт

 

Д.Пүрэвдаваа өнөөдөр төрийн ордонд сууж байна. Гэвч тэр “хэний даалгавраар”, “ямар намын нэрээр”, “хэнээс ямар дэмжлэгтэйгээр” суусан бэ гэдэгт хариулт одоо ч алга.

 

Хэрвээ Либерал Ардчилсан нам үнэхээр Баттулгын хүнээр дамжин сэргэсэн бол, энэ нь Монголын улс төрд “жижиг намыг ашиглан том тоглоом хийх” шинэ жишгийг тодруулж буй хэрэг.

 

🟪 Хаалт үг

 

Саарал ордонд хэн орж ирснийг ард түмэн мартдаггүй. Харин хэн орж ирэхдээ ямар хаалга нээсэн, хэний түлхүүр хэрэглэсэн бэ гэдэг бол улс төрийн жинхэнэ үнэний хаалга.

Д.Пүрэвдаваагийн замналыг харвал тэр түлхүүр хэнд байсныг илүү тод асуух цаг иржээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.