ОФФТЕЙК ГЭРЭЭНҮҮД БАЙГУУЛАГДАХАД Г.ЗАНДАНШАТАР ПАРЛАМЕНТЫГ УДИРДАЖ БАЙВ

Нүүрсний гэх нууц гэрээнүүдийг ил болголоо гэж Г.Занданшатар бүхий л мэдээллийн сувгийг дайчлан сурталчлах гэж оролдож байна. Үнэндээ ил болгосон гээд байгаа гэрээнүүдийг 2022.12.09-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 449-р тогтоолоор нууцаас гаргаж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Түүгээр ч зогсохгүй нууцаас гаргасан гэх гэрээнүүдийг анх Г.Занданшатар өөрөө нууцад авч байсан байх юм. Энэ хүн зургаан жил ҮАБЗ-ийн гишүүн, хулгайн гэрээг нууцад авах эрх бүхий этгээд байв. Ганцхан жишээ татахад, “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь” групп 1 тэрбум ам.доллараар тооцож, урьдчилгаанд 110 сая ам.долларыг авч, 895.6 сая долларыг нүүрсээр төлөхөөр гэрээлж тохиролцож байсан. Энэ гэрээ байгуулагдах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар ажиллаж байлаа. Энэ гурван хүний шийдвэрээр гэрээг “маш нууц”-д авсан гэсэн үг. Бүр 2018 онд “Бодь” группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа өөрөө хариуцаж ажилласан байдаг. “Бодь”-той холбоотой 31 нууц гэрээ байгаа. 

Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар өөрийн хариуцсан ажлаа өөрөө нууцад аваад, өрөөлийн ил болгосон гэрээг дахин ил болгож попрохдоо ашигласан нүүрсний хулгайг нууцалсан гэрээгээ өөрөө ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй болжээ. 

Олныг түгшүүрт автуулаад байгаа нүүрсний нууц гэрээнүүд бүгд Г.Занданшатарыг парламентын дарга /2019-2024/, ҮАБЗ, нууцын гэрээтэй танилцах эрхтэй байх үед байгуулагдсан байгаа нь сонин. Тэгээд нүүрсний хулгайг бусдад нялзаах гэж оролдож байгаа нь бүр сонин. Үнэхээр Г.Занданшатар хэт вакумжсан болоод өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болсон гэж шүүмжлээд байгаа нь үнэн болж таарлаа. Дэд сайд байхдаа өөрийн сайдаа “түгжилдсэн” хүнийг дахин Хууль зүйн сайд болгоно гэж зүтгэсэн. Одоо өөрийнхөө хамааралтай гэрээнүүдээ /өмнө нь ил болсон/ дахин гаргаж ирж байгаа зэргээс харахад энэ хүн Ерөнхий сайдын сэнтийд гологдохоор.

Хэн нэгэнд “нүүрсний хулгайч” гэх нэр, хоч өгч байхаар Г.Занданшатар та талбай дээр жагсаж байгаа багш, эмч нарын жагсаалд анхаарсан бол ард түмэнд таалагдах байлаа. Багш, эмч нарынхаа асуудлыг сонсох ёстой сайд нар нь цалин нэмвэл хүүхдийн мөнгийг хасна гэж байгаа нь Г.Занданшатарт улам хасах оноо авчирч байна. Үнэхээр ард түмнийхээ төлөө ажилладаггүй сандал суудлынхаа төлөө тэмцэлдэгч Засгийн газар хэрэгтэй гэж үү? 

Юутай ч маргааш 2025.10.10 өглөө 08:30 цагаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцэж, улмаар 10:00 цагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ. Гэтэл өөрийг нь унагах асуудлыг хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг дарамталж байгаа сурагтай байна. Энэ талаар Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдэд дарамт шахалтууд ирж байгаа. Үнэхээр зүгээр байлгахгүй байна” гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр Г.Занданшатар их л сандарч байгаа бололтой. Эсвэл тэр Ерөнхий сайдаас буухынхаа өмнө өөрийн бүх булхайг илчлэхийг хүсэв үү.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.