АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ БИШ, ДАГАГЧИЙН ТООГ ХӨӨСӨН ГИШҮҮД

Төрийн ордонд төрийн ажил биш, хувийн хэрүүл өрнөх болжээ.

Хууль тогтоох дээд байгууллагын танхимд хуулийн хэлэлцүүлэг бус, чат дэлгэх, хов жив тараах, цахим хэрүүл хийх нь хэвийн үзэгдэл боллоо. Ард түмний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүдийн, тэр дундаа эмэгтэй гишүүдийн ёс суртахууны хямрал хязгаараа давж, төрийн нэр хүндийг урд хожид байгаагүйгээр унагааж байна.

Парламентын түүхэнд санал зөрөлдөөн, шуугиантай мэтгэлцээн олон байсан ч өнөөгийнх шиг ёс зүйг гээсэн, сошиал орчны популизмд живсэн парламент байгаагүй. Өнөөдөр төрийн ордонд улстөрчид хууль ярьж биш, лайв хийнэ. Ард түмнийг төлөөлөх бус, дагагчдын тоогоор өрсөлдөнө. Ёс суртахуун, төрийн хүндлэл гэх ойлголт цахим хэрүүлд дарагдаж, гишүүдийн нэр төртэй хамт Монгол төрийн нэр ч унаж байна.

Хоёрхон настай хүүхэд сураггүй алга болж, улс даяараа сэтгэл түгшиж байх зуур эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн, 16 настай охины амийг хөнөөсөн хэргийн оролцогчид шүүх дээр хохирогчийн дүрээр гарч ирж байхад төрийн өндөр дээд байгууллагад суугаа эмэгтэй гишүүд ганц үг ганхийсэнгүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, нийгмийн эмзэг асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой тэд чат дэлгэж, ор хөнжлийн асуудлаар бие биеэ шүүж суух нь эмгэнэл гэлтэй.

Өмнөх парламентын эмэгтэй гишүүд цөөнх байсан ч хүчтэй байр суурьтай байлаа. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын, Эрүүл мэндийн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай зэрэг нийгэмд бодитоор хэрэг болсон хуулиудыг санаачилж батлуулсан байдаг. Харин түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй өнөөгийн парламент бодлогын шинэ санаа биш, харин ёс зүйн хямралын шинэ нүүр царай болж байна.

Жендэрийн тэгш эрхийн нэрийн дор сонгогдсон эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг дуугарч чадахгүй мөртлөө цахим орчинд бие биеэ доромжилж, ард түмнээ хараан зүхэж суугаа нь төрийн ёс зүйд цоорхой гаргажээ. Хууль батлахаас илүү лайвын тайзан дээр байр эзэлж, хэрүүл шуугианаар олны анхаарлыг татах нь тэдний “ажлын шинэ хэлбэр” болсон мэт.

Монголчууд “төр төмгөр, ёс ёмбгор” хэмээн төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр төрд суух ёстой “түшээ” бус, ёс зүйг гээсэн “тоглогчид” төрийн нэрийг гутааж байна. Хууль тогтоох байгууллагад ёс суртахуун, хариуцлагын тухай яриа үгүй болж, ард түмний итгэл алдарч, парламентын нэр хүндийг навс унагаав.

Төрийн ордонд хариуцлагагүй үг, хэрүүл хов жив, хувийн өс хонзонгоо ил цагаан дэлгэх улс төрчид төрийн нүүр царайг төлөөлж болохгүй. Хууль тогтоохоосоо илүү хууль зөрчиж, ёс суртахуунаа гээсэн гишүүдтэй парламентад ёс зүйн хариуцлага тооцох цаг иржээ.

Монгол төрд ёс зүйг эргүүлж авчрахгүй бол,

Төрийн ордон төр биш – хэрүүл шуугианы тайз болж хувирна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.