“МАН-ЫН ТАМГА ТАЛЦЛЫН ГАЛД ШАТАЖ, ЗАСГИЙН ГАЗАР УНАХ ИРМЭГТ”

МАН амралтын өдрөөрөө Бага хурлаа хуралдуулж, намынхаа байрандаа хонож өнжин даргаа сонгов. Гэвч даргаа тодруулсан нэртэй ч нам доторх “зодоон” дуусаагүй, харин ч бүр эхэллээ. Улсын дээд шүүх дээр очоод унах уу, үлдэх үү гэдэг нь өнөөдрийн хамгийн том эргэлзээ.

 Угтаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хоёр талын тулаан бүтэн сар гаруй үргэлжилж, бага хурлын танхимыг галзууруулсан. Эцэст нь үүр цүүрээр хийгдсэн санал хураалтаар Амарбаясгалан ялсан ч дүрмийн дагуу юу, эсвэл дүрмийн булхай юу гэдэг дээр нам доторх дайсагнал бүр хурцдав. Хурал завсарласан гэж ойлгосон хэсэг нь санал өгөөгүйгээс эхлээд, “өрөөндөө түгжигдсэн” хэмээн хашгиралдаж, гомдол гаргасан нь хүртэл ил боллоо.

 Ийнхүү үүрээр хийсэн “нууц санал хураалтаар” Амарбаясгалан 85.6 хувийн дэмжлэг авч, Оюун-Эрдэнэ намын тамгаа гардуулан өгсөн ч энэ нь нам дотор гал дээр тос нэмсэнтэй ялгаагүй. Одоо 45 хоногийн турш МАН дотор талцал, бойкот, хагарал дээд цэгтээ хүрэх нь тодорхой болов.

 МАН-ын нүүрний баг хууларлаа. Өнгөрсөн сонгуулиудаар “эв нэгдэлтэй, хүчирхэг” болж харагдсан намын үнэн төрх бол эрх мэдлийн төлөөх ичгүүргүй зодоон. 1980-аад оны үеийнхнийг хүчээр түлхэж, хууччуудыг шахаж гаргасан шинэ үеийнхэн “цус нэхэж” эхэлснийг энэ хурлаар ил тод харууллаа.

 Ерөнхийлөгч Хүрэлсүх ч энэ тулаанд гар дүрэлгүй, дүү нараа дотроо “алуулж” байгааг харсан дүр зураг тодорлоо. Амарбаясгалангийн ард намын “гал тогоо”-г 20 жил атгасан бүтэц, залуусын шинэ бүлэглэл байна. Харин Занданшатарыг дагасан хэсэг бол эрх мэдлийн хуваарилалтаас хоцорч гомдсон, нөлөөгүй хууччуудын бүлэг.

 Гол асуулт бол одооноос эхэлж байна: Амарбаясгалан намын даргын суудлаа хадгалбал, УИХ-ын даргын сэнтийгээ тавьж өгч, шууд Ерөнхий сайд болох уу? Энэ тохиолдолд Занданшатарын Засгийн газар 100 хоног ч хүрэхгүй хугацаанд нурж, шинэ Засгийн газар бүрдэх нь гарцаагүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.