“ЦҮНХ БАРИГЧААС САЙД БОЛСОН Б.ТУЛГА ЖДҮ-ИЙН ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛӨӨГҮЙ, КОНЦЕССИЙН ТӨМӨР ЗАМААР БИЗНЕСЭЭ АРВИЖУУЛЖ БАЙНА”

Анхны Ерөнхийлөгчийн туслахаас төрийн ордонд суудал залгасан олон хүн эцэстээ шоронгийн хаалга татсан. П.Очирбатын шадар П.Цагаан Сингапурт бүгж, Н.Багабандийн туслах Т.Аюурсайхан торны цаана ял эдэлж байна. Харин гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үнэнч туслагч Б.Тулга өнөөдөр УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн сайд нэрээр төрийн ширээн дээр заларчээ.

 Гэвч “үнэнч цүнх баригч”-ийн хөлс авсан шигээ шударга, цэвэр хүн огт биш нь өдрөөс өдөрт илчлэгдэж байна. Түүний мэдүүлгээр бол гэр бүл нь сая саяар орлого олдог хэрнээ өөрийн нэр дээр компани, унаа, мал ч үгүй “үгүйрсэн” гишүүн мэт харагдана. Гэтэл бодит байдалд нөхөр Э.Эрдэнэжамъяны хамт “МҮКҮ” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тэр нь Булганд 1000 га тариалангийн газар, гурилын үйлдвэртэй томоохон бизнес.

 Хамгийн ноцтой нь, “МҮКҮ” ХХК ЖДҮХС-гаас 2018 онд авсан 200 сая төгрөгийн зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээл нь хүү, алдангатайгаа 202 саяд хүрч “муу зээл”-ийн ангилалд орсон атлаа, Б.Тулга 813 саяар сонгуульдсан нь төрийн мөнгийг төлөхөөс илүү эрх мэдэлд шунасан түүний жинхэнэ царайг илчилнэ.

 Эхнэрийнх нь “Дөрөвдүгээр фарм” ХХК сонгуулийн өмнө тойргийн эмнэлгүүдэд зүү, тариур “хандивлаж”, эмч нарыг сургалтад хамруулсан нь шуудхан хэлэхэд саналыг мөнгөөр бус, эмнэлгийн хэрэгслээр худалдаж авсан луйварын схем. Тэр ч бүү хэл, энэ компанийн ард нь түүний ойрын хамсаатан, ашиг сонирхлын сүлжээ болох Б.Дэлгэрсайхан, Б.Баяржаргал нар зогсож байна.

 Тэдний холбоо зөвхөн эмнэлэг, тариалангаар зогсохгүй. Зүүнбаян-Ханги боомтын 226 км төмөр замын концессийн ард мөн л энэ сүлжээ тогтжээ. Сайд Б.Тулга, Сайд Б.Дэлгэрсайхан, концессийн эзэн Б.Баяржаргал гурав ашиг сонирхлын нэг тойрогт багтдаг. Энэ нь улсын мега төслийг хувьдаа ашиг болгож, боомтын төмөр замыг хувийн бизнесийн зам болгосон увайгүй баримт.

 Эцэст нь хэлэхэд, Б.Тулга бол “цүнх баригчийн үнэнч зан”-гаар төрийн ордонд гарч ирсэн ч төрийн мөнгөөр бизнесээ босгож, ард түмний итгэлийг хулхидаж суугаа жинхэнэ ашиг сонирхлын сүлжээний төв цэг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.