“ШУДАРГА ТЭМЦЭГЧИЙН ДҮРД ТОГЛОЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАЙМААЧИН”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сүүлийн өдрүүдэд хэвлэлээр хийсэн мэдэгдлээрээ олны анхаарлыг татлаа. Гэвч түүний энэ “ам нээлт” нь энгийн ярилцлага бус, харин МАН-ын дотоод тэмцэлд зориулагдсан ил захидал гэдэг нь илт харагдаж байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд асан хүний хувьд төрийн нэн чухал баримт, мэдээллийг хав дараад сууж байгаад улс төрийн тохироо хийхэд ашиглаж байгаа нь ноцтой асуудал биш гэж үү? Албан тушаал хашиж байхдаа авсан нандин мэдээллээ өнөөдөр өөрийн тоглоомын хэрэгсэл болгож байгаа нь хууль бус төдийгүй ёс зүйн хувьд ч ичгүүртэй хэрэг.

Энэ удаад нүүрсний сонсголын талаар дуугарсан ч, үнэндээ тэр ганц энэ асуудалд хязгаарлагдахгүй. “Хөгжлийн банк”-ны дуулиан, нүүрсний хэрэг гээд хамгийн ноцтой баримтуудыг тэр өөрийн гараар атгаж, хаана ч дэлбэрэх тэсрэх бөмбөг шиг хадгалж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр бол төрийн нэрийн өмнөөс биш, харин хувийн улс төрийн наймаачны байр сууринаас тоглож буй этгээд юм.

 2023 онд Л.Оюун-Эрдэнийн “итгэл хүлээлгэн” томилсон сайд нь өнөөдөр ийнхүү өөрийнх нь эсрэг баримтаар заналхийлэх хэмжээнд хүрчээ. Хэрэв тэр үнэхээр шударга байсан бол сонсголын эхнээс л ил тод ярьж, хуулийн байгууллагад шилжүүлэх байлаа. Харин өнөөдөр гаргаж ирж байгаа нь цэвэр улс төрийн шахалт, дээрээс нь өөрийн карьераа аврах тооцоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

 Нийгмийн дунд ч нэг асуулт хурцаар тавигдаж байна: Б.Энхбаяр үнэхээр шударга тэмцэгч үү, эсвэл төрийн мэдээллийг хувийн шантаажны хэрэгсэл болгосон улс төрийн наймаачин уу? Хэрэв үнэнээр шалгавал, тэр өөрөө ч хууль зөрчсөн хэрэгт холбогдох ёстой хүн биш гэж үү?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.