СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ, ТӨВ АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД, БИЧИЛ УУРХАЙН ДҮГНЭЛТ ГАРСАН ТАЛБАЙД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ЗОГСООЖЭЭ

Энэ сарын 03-12-нд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүй нь илэрчээ.
Мөн ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг ч зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.

Ийнхүү 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь цаашид холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.