НЭГҮҮН МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН ЗАРИМ ХОРООДЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрхийг удаа дараа аюултай бүсээс нүүхийг шаардаж байсан билээ. Тэгвэл НИТХ-аас Баянзүрх дүүргийн 21-р хорооны 5 га газарт буюу эрсдэлгүй бүсэд нүүлгэх, мөн үер автах эрсдэлтэй 228 айл өрх эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэлийг Нийслэлийн болон Дүүргийн газрын албанд өгчээ.

УУЛАНД ГАРЧ УТСААР ЯРИХ ГЭЖ ЯВСАН 4 ХҮНИЙ ХОЁР НЬ АЯНГАНД ЦОХИУЛЖ, НАС БАРЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т оршин Тээл хэмээх газарт наймдугаар сарын 5-ны 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж яваад хоёр нь аянганд цохиулж нас баржээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна. 35 настай эрэгтэй Б, 36 настай эрэгтэй Ч нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Өвөрхангай-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам усанд автжээ

2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 20:25 цагийн байдлаар А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 45 км болон 195 км-т аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус давж урссан тул хөдөлгөөнийг хаасан хэвээр байна. Түүнээс гадна 2023.08.02-ны шөнийн 01:00 цагийн байдлаар улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 км, 13-14 км хооронд уулын үер бууж зам дээгүүр ус давж үерлэжээ. Үерийн ус одоогоор татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан авто машиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Хөдөлгөөн түр саатаад байна. Үүний улмаас Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссан байдалтай байгааг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас анхаарууллаа. Иймд Тус чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй, Шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Тус замын 50км-т аймгийн Онцгой байдлын газраас эргүүл ажиллаж байгаа бөгөөд зам хариуцагч "Их богд Зам" ХХК-д хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тeхник хэрэгслийг бэлэн байдалд байлгах чиглэлийг өгчээ. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна. Мөн Бүсийн инжeнeр тухайн эвдрэл үүссэн газарт ажиллаж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ХАМТ ҮЕРТ ЭНДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 8 сарын 1-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг ОБЕГ 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ГУРВАН ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Цагдаагийн байгууллага Дорноговь аймаг, Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг өнөөдөр буюу 31-ний 13:40 цагт хүлээн авчээ. Шалгалтын ажиллагааг явуулахад “North benz” маркийн тээврийн хэрэгсэл "Pruis-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан гурван иргэн нас барж, нэг иргэн гэмтсэн байна. Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэлээдгүй байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх тохиолдол нэлээдгүй гарсаар байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИЛДЭГ 100 ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОЛГОХ ЦОМЫН ЗАГВАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

1. АЖЛЫН ЗОРИЛГО Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, шинжлэх ухааны ололт нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн нөөцөд түшиглэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид олгох цомын загварыг шалгаруулахад ажлын зорилго оршино. 2. УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ Уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд оролцох иргэд, уран бүтээлчдэд ямар нэгэн шалгуур тавихгүй. Уралдаанд оролцогчид цомын загварын төслийг хийж, бүтээлийн загварын хэмжээ, өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна. 3. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА • Цом нь хэлбэр, агуулгын хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарын онцлог, үнэт зүйл, бэлгэдлийг шингээж онцлогийг илтгэсэн байх; • Загвар нь чөлөөт сэтгэлгээг илэрхийлсэн байх; • Олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх; • Цомыг үнэт чулуу, үнэт металлаар урлах боломж бүхий хийцлэлтэй, бичвэр оруулах боломжтой байх; • Цом нь 25-30 см-ийн өндөртэй байх; • Загварыг график, дизайны мэргэжлийн программ ашиглаж хийсэн байх ба өндөр нягтралтай, чанартай зургийг ирүүлэх, мөн бичвэр оруулж болно; • Уралдаанд оролцогч нь 2-оос илүүгүй бүтээлийг ирүүлэх 4. ХУГАЦАА Уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 08 дугаар сарын 01-15-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авах бөгөөд загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг otgonjargald@mofa.gov.mn, uyanga@mofa.gov.mn цахим хаягаар хүлээн авна. 5. ШАГНАЛЫН САН Уралдааны шагналын сан 1,000,000.0 (нэг сая) төгрөг байна. Жич: Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 51-261962 утсаар авах боломжтой.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 5 ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэх газар ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатсан осол гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид ослын дуудлагыг өчигдөр орой 21:26 цагт хүлээн авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраажээ. Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж өнөөдөр /2023.07.27/ 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 15 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулна. Долоодугаар сарын 26-ний 22:00 цагаас 28-ний өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм. Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн Тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд: Нарны гүүр: Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3 Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг Олимпийн гүүрээр Ч:7 Нисэх – МУБИС - Ард кино театр Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/ Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэгэг төв зүүн тойрог Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3 Ч:50 Улаанхуаран - ТЭЦ-3 Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан Ч:53 Яармаг – МУБИС Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж Ч:61 Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3 Ч:66 Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол Ч:72 Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж Ч:73 Зунжин худалдааны төв - ТЭЦ 4 Ш:Ү6 МУБИС - Архивын ерөнхий газар Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛДОД ХОТОД “ХӨЛ ДҮҮЖЭХ” УНАА БАЙХГҮЙ Ч ХӨДӨӨ “ЗАЙДЛАХ” АДУУ МАЛ АРВИН АЖ

Төрд дарга сэтэртэй л бол хэн байхаас үл хамаарч АТГ-д жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг. Монголын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харж харьцуулахад хамгийн “Ядуу” нь цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд мэтээр харагдаж буй. Ж.Болд даргын жилийн орлого нь 73 488 000 төгрөг боловч тэрбээр өнгөрөгч 2020 оноос хойш “Явгарчээ”. Харин тэрээр үхэр, адуугаа өсгөн үржүүлж өнгөрсөн 2020 оноос хойш буюу ЦЕГ-ын дарга болсноосоо хойш өөрийнх нь эзэмшлийн үхэр адууны үнэлгээ нь үлэмж буюу гурав дахин өсч 64 400 000 төгрөгт хүрчээ. Өр зээлгүй, авлагагүй тэрбээр хадгаламжиндаа 77 511 000 төгрөгтэй бол өнгөрсөн жилээс экс ерөнхийлөгч Х.Баттулгын “Женкотур бюро”-гоос 2841ш нэгж хувьцаа эзэмшдэг болсон нь даргын ХОМ-т ил буй. Монголын цагдаагийн удирдлага Ж.Болдод “Хөл дүүжлэх” унаа хот хүрээд л лав байхгүй боловч хөдөө “Зайдлах” адуу мал бол арвин агаад өндөр үнэлгээтэй аж.

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГ СУЛЛАЯ

461-р ангид цагдан хоригдож буй Ц.Хуланд холбогдох шүүх хурал 4 дэх өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 шатны шүүх дээр үргэлжилж байна.Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч нийтлэлч Ц.Хуланг эрүүгийн тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар буруутгасан.Гэвч эцсийн үр дүн гарахад Ц.Хулан нь эрүүгийн тухай хуулийн 19.4.1-д заасан эх орноосоо урвасан эсэх нь баримтаар нотлогдох юм. Хэрвээ Ц.Хулан нь гэм буруугүйн батлагдвал, Монголын өнөөгийн шүүх засаглалын жинхэнэ нүүр царай, шүүхийн тогтолцоо энэ улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлсийг хурцаар шүүмжилж, шүгэл үлээсэн бүхнийг барьж хорих, хилсдүүлэх замаар МАН-ын дарангуйллын тогтолцоонд монголчууд нэгэнт шилжсэнийг батлан харуулах юм. Учир нь МАН-ын засаглал төр барьж буй энэ хугацаанд авлигал хээл хахуулийн эсрэг Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 5ш ажиллагааг эхлүүлээд буй.Үүнд: Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах үйл ажиллагаа, Шил гэсэн ажиллагаанууд багтдаг.Ц.Хулан ч мөн адил 5 ш ажиллагааны хүрээнд Хэлмэгдсэн үү, Хилсэдсэн үү гэх хариулт тун удахгүй нийтэд ил тод болох юм. Түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатарын хувьд одоогийн байдлаар 12 жилийн ял төлөвлөгдсөн эсэх талаар мэдээлэл өгсөн.Тиймээс Ц.Хуланд холбогдох шүүхийн шийдвэрээс шалтгаалан монгол улсад Үнэн үлдэх, Эс үлдэх нь тодорхой болох юм.Ардчилсан тодотголтой монгол улсад, ардчиллын үнэт зүйлс алдагдаж, иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох эсэх нь Ц.Хуланд холбогдох хэргийн шийдвэрээс шууд харагдах юм.Үнэн үргэлж ялах болтугай.

1 ... 85 86 87 88 89 90 91 92 93 ... 314