НЭГҮҮН МЭДЭЭ
ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо. 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна. “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна. “Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна. Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ. Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ. Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ. Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Товч мэдээ · Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа. · Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. · “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. · Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.

АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН, УДИРДЛАГЫН БАГТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙ ГЭХ ХОЁР ЭРХЭМ ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг 2021.02.10-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайдаар томилож байсан юм. Харин түүнийг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар Ц.Нацагдолгор томилогдож байсан бол мөн л үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэднийг ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлжээ.

МОНГОЛЧУУД “ЛАНД КРУИЗЕР-300” МАШИН АВАХЫН ТУЛД 500 ГАРУЙ САЯ ДОЛЛАР ТӨЛЖЭЭ

Сангийн сайд Б.Жавхлан : Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танаж болох талаар Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. "Ланд круизер-300" машин гарснаас хойш зөвхөн энэ машиныг худалдаж авахад зориулж 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч байх хэрэгтэй гэв.

Ц.НЯМДОРЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД М.БАТТҮВШИНГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв. Дэд сайд М.Баттүвшин 2021 оны 2-р сарын 10-ны өдөр энэ албан тушаалд томилогджээ. Түүнийг ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй, салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн ба йна.

"ҮНИЙН ХӨӨРӨГДЛӨӨС БОЛЖ АРД ИРГЭД БҮСЭЭ ЧАНГАЛСААР БҮР ЭЦЭСТЭЭ ТУЛЛАА"

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр мэдээлэл өглөө. “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөлөл: -Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл болоод байна. Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болж байна. Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой болсон. Сүүлийн 2-3 жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр өнөөдөр хэрээс хэтэрлээ. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж буйн илрэл юм. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг нэн яаралтай зогсоож, туйлдсан ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа. Бид шаардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд "Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна" хэмээн заасан байдаг. Тэгвэл Засгийн газар арга хэмжээ авахгүй бол ард түмэн бид түр засгийн газар байгуулаад ард түмний төлөө тэмцэхэд бэлэн байна гэсэн юм.

НМХГ: УЛААНБААТАРТ 3327 АЙЛ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШСАН БАЙНА

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Гантулга, Он гарснаас хойш барилга байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол. НМХГ-аас 2800 гаруй лифт эзэмшигч, лифт ашиглагч 600 гаруй ААН-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргүүлээд байна. эхний 3 сард 806 өргөдөл гомдол ирснээс 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийцлэл өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон. 3327 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байна. 4-р сарын 2-ноос сургуулийн ээлжийн амралт эхлэх гэж байна. Дулааны улирал болж байгаа тул хүүхдүүд гадаа тоглодог. Орон сууцны гадаах тоглоомын талбайг СӨХ нь, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг тухайн өмчлөгч байгууллага хариуцдаг. Ийм тоглоомын аюулгүй ажиллагааг хангахыг хариуцагч байгууллагуудад анхааруулав.

“ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ИРГЭН ГЭРЭЭ ХИЙХДЭЭ НОТАРИАТ ОРОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО”

Иргэний үнэмлэхний загварыг өөрчлөх талаар тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна. УИХ - ын гишүүн Д . Цогтбаатар “Яг өөрийн биеэр нотариатын үйлчилгээ авлаа. Би 30 минут хүлээсний дараа дахиад цаг хүлээнэ гэж хэлсэн. Би уг нь гарын үсгээ л зураад гарах гээд байгаа. Гэтэл тэр нотариатын хүн монголын нотариатын үйлчилгээ цахимд шилжээд гурван жил болж байна гээд ширэв татсан. Цахим үйлчилгээ чинь удаашруулахыг хэлэхгүй. Бид нар юмыг цахимжуулаад, хурдлуулаад байна гэсэн амьдрал дээр ийм л байна. Цахимд шилжээд удаан болсон байна” гэлээ. Хууль зүйн сайд Х . Нямбаатар “Асуудлыг биечлэн шалгая. Иргэнийг удаах биш нотариатын байгууллага улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж, нотариатын оффис дээр ирж бичиг баримтаа өгчихөөд эргээд нотариатын оффисоосоо үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн баримтаа авах боломжийг төгсрүүлж Заавал дэр хүнийг нотариат дээр гэрээн дээр гарын үсэг зуруулаад дахиад улсын бүртгэл рүү очуулахааргүй шийдэл гаргаад бйгаа. Тавдугаар сарын 1- нээс эхлэн хэрэгжих тоон гарын үсгийн гол утга нь энд байгаа . Заавал иргэн нотариат дээр биечилж очихгүйгээр тоон гарын үсгээ ашиглан , цахимд өөрийгөө гэрчлээд гэрээ хэлэлцээр хийх боломжтой болно . Тоон гарын үсэг рүү шилжих ажил хурдацтай явбал нотариатаар үйлчлүүлэгчдийн тоо огцом буурна. Нотариатыг тойрог тойргоор нь шаардахаа больсон, дурын газраасаа авах боломжтой болсон” гэлээ. 16- аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох талаар өмнө нь мэдээлж байв .

БСШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН НОХОЙ МУУРЫН ТЭЖЭЭЛ БОЛОВСРУУЛНА ХЭМЭЭН ХӨГЖЛИЙН БАНКНААС 9.1 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нохой муурын тэжээл боловсруулна хэмээн Хөгжлийн банкнаас 9.1 тэрбумын зээлийг Монгема компаниар авчээ. Харин муур нохойн тэжээл боловсруулна хэмээн зээл авсан “Монгема” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 9.1 тэрбум төгрөгийн зээл авснаа одоо болтол төлөөгүй байна. Гэтэл компанийн ард, нууц эзэн хэн байдаг гээч?? Шударгын туйл, сошиал самраач, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан гэгч “Монгема” -иар 9.1 тэрбумын зээл авсан байгаа юм. Түүнчлэн “Монгема компани” Дамбалын Лхагвадорж гэгчийн нэр дээр бүртгэлтэй. Дамбалын Лхагвадорж нь “М Си Эс компанийн” захирлаар ажиллаж байгаад улс төрд орж, УИХ-ын гишүүн болсон. Хөгжлийн банкнаас 9.1 тэрбум төгрөгийн зээл авсан “Монгема” компанийн 55 хувийг Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн эзэмшил “Интергрупп интернэшнл” компани эзэмшдэг. Ингээд чих худалч, нүд үнэнч гэдэг болж, үнэнд гүйцэгдсэн Л.Энх-Амгалан түмний хөрөнгөөс хулгайлдаггүй, хэмээн худлаа чалчихаа болино уу. БСШУ-ны сайдын албан тушаалын хаялга, эхнэрийн хормойнд нуусан их хэмжээний зээл.... Л.Энх-Амгалан сайдаа, өөрөө бусдын боломжийг хулгайлан хамаарал бүхий компаниараа зээл авчхаад одоо болтол төлөөгүй байгаа чинь хэр шударга вэ? Эх сурвалж : Сэтгүүлч Х.Ган-Ялалт

ЗАЛУУС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭН НАС БАРСААР Л...

Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэн нас барсан гарчээ. Тодруулбал : Энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн харъяат 21 настай эрэгтэй нь таталт өгч, улмаар ГССҮТ хүргэгдэж замдаа нас барсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн өөртөө мансууруулах бодис судсаар тарьсны дараа ийн бие нь муудсан байж болзошгүй аж. Тухайн иргэн нь мансууруулах төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэрэглэхдээ тунг ихдүүлсэн байж болзошгүй байна.

ӨНӨӨДРӨӨС ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГРАЖ, КОНТЕЙНЕР БУУЛГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Тодруулбал: "Эко дүүрэг – Эрүүл орчин" аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 22 граж, контейнерыг буулгаж газрыг нь чөлөөлөх ажил эхэллээ. Уг байршил дээр иргэдэд зориулсан ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн гэх мэт тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд. Тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлуудыг үе шаттай хийх юм байна. Хан-Уул дүүргийн иргэд нь "Эко дүүрэг – Эрүүл орчин" аяны хүрээнд иргэддээ ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоор өөрсдийн санаачлагаар иргэд нь гражаа чөлөөлж, тохижуулах ажлыг дэмжин ажиллаж байна.

1 ... 235 236 237 238 239 240 241 242 243 ... 317